ОХУ Европын 2 улсад хийн нийлүүлэлтээ зогсоолоо. Дараагийнх нь хэн бэ?

Европ тив болон ОХУ-ын эрчим хүчний покер тоглоом аюултай хэдий ч хяналтад байсан үе саяхан. Орос-Украины дайнаас хойш Европт хориг арга хэмжээ аваагүй цөөхөн салбарын нэг нь нефть, байгалийн хий байв. Орос улс ч энэ төрлийн хангамжаа нийлүүлсээр байлаа.
ОХУ Европын 2 улсад хийн нийлүүлэлтээ зогсоолоо. Дараагийнх нь хэн бэ?
@ The Economist

Европын Холбоо (ЕХ) хийн хэрэглээнийхээ 40%-ийг Оросоос импортолдог бөгөөд энэхүү худалдан авалтын өдрийн төлбөрт 400 сая евро буюу 422 сая ам.доллар төлдөг байна. Талууд нэг нэгэндээ зайлшгүй хэрэгцээтэй гэж бодож байсан нь саяхны хэрэг. Харин ОХУ-ын Украин руу эзлэн түрэмгийлэх ажиллагаа эхэлсэн үеэс Европ эрчим хүчний импортыг хориглохоор хэлэлцэж байсан юм. Гэтэл ОХУ 3 дугаар сарын сүүлчээр "найрсаг бус" орнуудаас хийн нийлүүлэлтийн төлбөрийг рублиэр (евро эсвэл ам.доллароор бус) төлөхийг шаардсан.

4 дүгээр сарын 27-нд ОХУ мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд Болгар, Польш улсууд ОХУ-ын Төрийн өмчийн эрчим хүчний аварга компани Газпромд рублиэр төлөх төлбөрөө тогтоосон хугацаанаас хоцроосны улмаас хий дамжуулахаа зогсооно гэв. ЕХ хариу арга хэмжээ авахаар хичээж байгаа ба энэ мэдээллийн улмаас Европ тивд байгалийн хийн үнэ 20%-аар өслөө.

10 болон 3 тэрбум куб метр харгалзан Польш, Болгар улсуудын байгалийн хийн импорт нийлээд ЕХ-ны нийт импортын дөнгөж 8%-ийг эзэлж байна (графикийг харна уу). Польшийн Оростой байгуулсан гэрээний хугацаа 12 дугаар сард дуусах байсан ба Оросын талд алдах зүйл байсангүй. Харин Болгар болон Польш улсуудын хийн импортын ихэнх хэсэг Оросоос хамааралтай байсан ч тэд үүнийг даван туулж чадна гэж Rystad Energy зөвлөх үйлчилгээний компанийн Ши Нан хэллээ.

Европын орнуудын хийн импорт, тэрбум куб.м, 2021
Европын орнуудын хийн импорт, тэрбум куб.м, 2021The Economist

Польш 10 дугаар сараас эхлэн Норвег улсаас хий авч эхлэх бөгөөд ойролцоох дахин хийжүүлэх терминалууд нь илүү шингэрүүлсэн байгалийн хий (LNG) импортлоход туслах аж. Болгар улсын хувьд Грекээр дамжуулан Азербайжанаас хий импортолж эхэлнэ.

Харин дараагийн удаа нийлүүлэлтээ таслуулах нь хэн бэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Учир ОХУ-ын талуудтай хийсэн гэрээний нарийн ширийн, рублиэр хийх тооцооны эцсийн хугацаа олон нийтэд нээлттэй бус байгаа юм.

Европт яг одоо хийн хэрэгцээ харьцангуй буурсан үе тохиож байна. Учир нь, гадаад орчны температур нэмэгдэхийн хэрээр хэрэглээ буурна. Гэвч нөөц 33%-д хүрчээ. Түүнчлэн Еврокомисс гишүүн орнуудаа 11 дүгээр сар гэхэд барилга байгууламжийн хийн нөөцөө 80% хүртэл дүүргэхийг уриалсан нь эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна.

Томоохон импортлогчдын нийлүүлэлтийг таслах нь ОХУ-ын хувьд ихээхэн алдагдалтай шийдвэр болох ба дайны санхүүжүүлэлтэд шаардлагатай бэлэн мөнгөний тасалдал үүсгэх болно. Тэгэхээр хэн нь дийлэх вэ?

Бодит байдалд Европын ихэнх худалдан авагчид рублиэр шууд төлбөр төлөхөөс татгалзсан байна. Харин Москвагийн зүгээс импортлогчдыг Газпром банканд хоёр данс нээлгэж, эхний дансанд евро төлж банкнаас мөнгөө рубль болгон хөрвүүлж, дараа нь Газпром руу шилжүүлэх хоёр дахь дансанд мөнгөө шилжүүлж, буулт хийхийг шаардаж байгаа юм.

Европын орнууд Оросын хавчлага, дээрэлхэлд бууж өгч буй мэт харагдах энэхүү төлөвлөгөөнд дургүйлхэж байгаа тул үүнтэй тэмцэх өөр арга замыг эрэлхийлж байна. Европын Холбооны гишүүн орнууд газын хэрэглээгээр 3 бүлэгт хуваагдаж байгаа ба эхний бүлэг болох Бельги, Их Британи, Испани зэрэг улсуудын хийн хэрэглээ Оросоос төдийлөн хамаарал багатай тул буулт хийхээс татгалзаж магадгүй. Дараагийн бүлэгт Герман, Итали зэрэг томоохон худалдан авагчид багтдаг бөгөөд импортыг аль болох өөр сувгаас орлуулахаар тэмцэх хувилбартай. Харин гурав дахь бүлэгт Оросоос хэсэгчилсэн хамааралтай, удахгүй дуусгавар болох гэрээтэй улс орнууд багтаж байна.

Энэ мэтээр нэг улсын байгалийн хийн хэрэглээг тасалдуулах нь бусад улсуудад хүчтэй нөлөө үзүүлэх болно. Өнөөгийн нөхцөл байдалд Оросын шаардлагыг хэн хүлээж авах нь тодорхойгүйгээр үл барам Орос хийн хоолойн цоргыг бүгдэд хаалттай болгох эсэх нь ч тодорхойгүй байна.
Европын хийн үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад аль хэдийн зургаа дахин өсчихөөд байна. Зүгээр бодоод үзэхэд л Германы хийн нийлүүлэлтийг таслахад зах зээл бүхэлдээ гацаанд орно. Ингэснээр дэлхийн бусад орнуудаас LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийн татан авалт нэмэгдэж, улмаар бусад улс орнууд нийлүүлэлтийн дутагдалд орж, үнэ өсөх нөхцөл бүрдэх юм.

Европ руу хийдэг хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох нь дэлхийн эдийн засгийн уналтад хүргэж болзошгүй.
Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэн

Эх сурвалж: The Economist

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn