Оросын байгалийн хий тасалдвал Азербайжанаас нөхнө

Орос-Украины хямрал хурцдаж, Оросоос Европт нийлүүлэх байгалийн хий тасалдсан тохиолдолд Азербайжан нийлүүлэлтийн хомсдолыг нөхөх боломжтой гэж мэдэгдлээ.
Оросын байгалийн хий тасалдвал Азербайжанаас нөхнө

Их Британид суугаа Азербайжаны Элчин сайд Э.Сулеймановын мэдэгдсэнээр бүс нутгийн тогтворгүй байдлын улмаас Европт эрчим хүчний хямрал нүүрлэх тохиолдолд Азербайжаны тал байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой бөгөөд үүний тулд урт хугацааны гэрээ байгуулах шаардлагатай гэжээ.

Европын холбоо (ЕХ)-ны зүгээс Украины тогтворгүй байдлаас шалтгаалан эдийн засагт “шок” үүсэхээс сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа агаад атомын цахилгаан станц болон байгалийн хийн төслүүдийг эрчим хүчний цэвэр эх үүсвэрт тооцох шийдвэрийг саяхан Брюссель гаргасан юм. Мөн ЕХ-ны эрчим хүчний асуудал хариуцсан комиссар К.Симсон АНУ, Катарын төлөөлөгчидтэй танкераар байгалийн хий нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Өмнөдийн байгалийн хийн коридор” төслийн Сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцохоор Бакуд ирээд байна.

“Өмнөдийн байгалийн хийн коридор” төсөл нь Каспийн тэнгисээс Азербайжан-Гүрж-Туркийн нутгаар дамжин Грек, цааш Албани, Адриатын тэнгисээр дамжин Италид байгалийн хий нийлүүлэх хоолой бөгөөд өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад орсон юм. Энэ удаагийн уулзалтаар ЕХ, Азербайжаны стратегийн түншлэлийг бэхжүүлэх сонирхлоо талууд дахин нотолж, байгалийн хийг нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах асуудлаар санал солилцжээ.

Ийнхүү болзошгүй эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэх дипломат алхмуудыг ЕХ-ны удирдлага амжилттай хийж байна. Вашингтоны хувьд Брюсселийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх үүднээс Катарыг НАТО-гийн гишүүн бус холбоотон орноор өнгөрсөн долоо хоногт нэрлэсэн юм. Уг статусыг дэлхийн хэмжээнд НАТО-гийн гишүүн бус 17 орон эдэлдэг бөгөөд Персийн булангийн бүс нутагт Кувейт, Бахрейн улсууд багтдаг.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn