Дэлхийн энх тайвны индекс шинэчлэгдлээ

Монгол Улсын хувьд өнгөрсөн жилээс нэг байр ухарч 42 дугаарт жагссан байна.
Дэлхийн энх тайвны индекс шинэчлэгдлээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гэнэтийн томоохон өөрчлөлтүүд болох цар тахал, эдийн засгийн хямрал, Украины дайн гэх мэт таагүй үйл явдлууд өрнөсөн билээ. Улс орнууд таамаглаагүй өөрчлөлтүүд дунд амьдарч байна.

Эдийн засаг, аюулгүй байдлын институтээс жил бүр Энх тайвны индекс хэмээх дэлхийн аюулгүй орнуудын жагсаалтыг гаргадаг билээ. 2020 оны индексээр өмнөх жилтэй харьцуулахад амар амгалан байдлын түвшин цар тахлаас үүдэн буурсан байсан бол 2021 оны хамгийн сүүлийн тайланд дэлхийн энх тайван, аюулгүй байдал савлагаатай байсаар байгааг онцолсон байна. Түүнчлэн дэлхийн энх тайван байдал сүүлийн 9 жилийн турш доройтсоор байгааг ч дурджээ.

2021 оны тайлангаас онцлох баримтууд:

  • Дэлхий даяар хамгийн аюулгүй 10 улсын 8 нь Европын улс орнууд байна.

  • 2008 оноос хойш уг жагсаалтыг тэргүүлсэн Исланд улс дэлхийн хамгийн аюулгүй улс хэвээр байгаа гэдгээ харуулсан ба тус улс дэлхийд аз жаргалын түвшнээрээ 3 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Шинэ Зеланд, Дани, Португали, Словени улсууд 2021 оны хамгийн аюулгүй улсын жагсаалтыг удаалжээ. Австри, Швейцарь, Ирланд, Чех, Канад улсууд дээрх улсуудын араас аюулгүй улсаар нэрлэгдсэн байна.

  • Хамгийн ихээр доройтож байгаа бүс нутгаар Хойд Америкийг нэрлэжээ. Иргэдийн эмх замбараагүй байдал хүчтэй ширүүн жагсаал зохион байгуулахад хүргэсэн аж. АНУ өмнөх хоёр жилээсээ нэг байр ухарч аюулгүй байдлын үзүүлэлтээрээ 122-т жагссан байна.

  • Хамгийн тайван, хамгийн тайван бус улс орнуудын хоорондын ялгаа жил ирэх тусам нэмэгдсээр байна.

  • Афганистан улс хамгийн тайван бус улсаар 5 жил дараалан тодорчээ. Йемен, Сири, Өмнөд Судан, Ирак гэх мэт улсууд хамгийн тайван бус улсаар Афганистан улстай хамт нэрлэгдэж байгаа юм.

  • Монгол Улсын хувьд өнгөрсөн жилээс нэг байр ухарч 42 дугаарт жагссан байна.

Энэхүү судалгааны төсөл 23 төрлийн чанарын болон тоон үзүүлэлтэд үндэслэж, энх тайвны түвшинг дараах 3 чиглэлээр хэмжиж тодорхойлдог байна. Үүнд:

  • Нийгмийн аюулгүй байдал, аюулгүй байдлын түвшин;

  • Дотоод болон олон улсын зөрчилдөөний цар хүрээ

  • Цэрэгжилтийн зэрэглэл.

Дээрх үзүүлэлтүүдийг нарийвчилбал хорих ял, хүн амины хэргийн түвшин, дотоод зөрчилдөөний улмаас нас барсан тохиолдол, гэмт хэргийн талаарх төсөөлөл гэх мэт үзүүлэлтийг оноогоор дүгнэнэ. Улмаар нийт онооны дунджаар жагсаалт гарган зарладаг аж.

Ковид-19-ийн нөлөөлөл дэлхийн энх тайван байдалд тодорхойгүй нөхцөл үүсгэсэн хэвээр байна. Цар тахалтай холбоотой хөл хорионоос үүдэж эсэргүүцэл, жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдсан. Мөн дэлхийн эдийн засагт үүссэн таагүй байдал газар авч, иргэдийн эмх замбараагүй байдал, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт үзэгдэл бий болоход хүргэсэн байна.

2020-2021 онд цар тахалтай шууд холбоотой хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн 158 улс орон байна. Энэ хугацаанд үүнтэй холбоотой 5000 гаруй хүчирхийллийн үйл явдал бүртгэгджээ.

Уг тайланд сүүлийн 10 жилд үүссэн зөрчилдөөн, хямралууд буурч эхэлж байсан ч олон улсын түвшинд томоохон гүрнүүдийн хооронд хурцадмал байдал бий болж байгааг онцолсон байна.

Дэлхийн энх тайванд Украины дайн хэрхэн нөлөөлснийг бид ирэх жилийн тайлангаас харах нь ээ.

Эх сурвалж: Forbes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn