Галт зэвсэг ба Америк эмгэнэл №2: Хүнээсээ олон зэвсэгтэй улс

Америкчуудын гар дээрх бүртгэлтэй галт зэвсгийн тоо 393 саяд хүрчээ. Ингэснээр 100 хүн тутамд 120 ширхэг галт зэвсэг ногдож байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна.
Галт зэвсэг ба Америк эмгэнэл №2: Хүнээсээ олон зэвсэгтэй улс
Галт зэвсэг ба Америк эмгэнэл №2: Хүнээсээ олон зэвсэгтэй улс
Галт зэвсэг ба Америк эмгэнэл

Өдгөө дэлхий нийтийн анхааралд өртөөд буй Техас мужийн Увалде хотын бага сургууль дахь халдлагын улмаас амиа алдагсдын тоо 21-д (19 сурагч, 2 багш) хүрээд байна. Уг хэргээс хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк мужийн Буффало хотын дэлгүүрт, Өмнөд Калифорни дахь тайвань иргэдийн сүмд ижил төрлийн халдлага гарч, 10 хүн алагдаж, олон тооны иргэд шархадсан юм.

Иргэдийн гар дээрх галт зэвсгийн тоогоор тэргүүлэгч улсууд
Иргэдийн гар дээрх галт зэвсгийн тоогоор тэргүүлэгч улсууд
100 хүн тутамд ногдох галт зэвсгийн тоогоор тэргүүлэгч улсууд
100 хүн тутамд ногдох галт зэвсгийн тоогоор тэргүүлэгч улсууд

Увалде дахь халдлагын гэм буруутан 18 настай Сальвадор Рамос гэгч нь халдлага үйлдэхдээ ашигласан AR-15 маркийн хагас автомат бууг долоо хоногийн өмнө төрсөн өдрөөрөө худалдаж авсныг хууль сахиулагчид тогтоожээ. Тэрээр урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаагүй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй буюу сэтгэцийн хувьд эрүүл гэх үндэслэлээр дээрх галт зэвсгийг хуулийн дагуу саадгүй худалдан авсан гэнэ.

С.Рамос нь сургууль дээр халдлага үйлдэхээсээ өмнөхөн эмээгээ буудаж шархдуулаад гэрээсээ гарсан бөгөөд эмээгээ хөнөөх, сургуульд халдлага үйлдэх талаараа цахим орчинд бичиж үлдээсэн байжээ. Үүнээс харвал түүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэх үндэслэл үгүй байгаа юм. Азаар түүний эмээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч эсэн мэнд үлдсэн байна. Шил шилээ даран тохиолдсон эдгээр эмгэнэлт үйл явдлуудын мөрөөр галт зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангатгах эсэх тухай маргаан америкийн нийгэмд дахин дэгдлээ.

Сүүлийн таван жилд олноор нь буудаж хөнөөх гэмт хэрэг хоёр дахин өссөнийг Холбооны мөрдөх товчооны тайланд дурдсан байх агаад 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн 31 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2021 онд 61 тохиолдол бүртгэгджээ.

2022 оны эхний таван сарын байдлаар сургууль дээрээ буудуулж нас барсан сурагчдын тоо 24 (зарим эх сурвалжийн мэдээллээр 37)-д хүрсэн бол энэ хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад бууны суманд өртөж, амь эрсэдсэн цагдаагийн албан хаагчийн тоо 20 (зарим эх сурвалжийн мэдээгээр 17-21) байгаа юм.

Олноор нь буудан хөнөөх гэмт хэргийн статистик
Олноор нь буудан хөнөөх гэмт хэргийн статистик

Америкт сурагч байх нь цагдаа байхаас илүү аюултай гэх шүүмжлэл идэвхтэй өрнөж байна.

Өнгөрсөн оны 3 дугаар сард Конгрессын Төлөөлөгчдийн танхим галт зэвсгийн хяналтыг сайжруулах тухай хоёр ч хуулийн төслийг баталж Сенатад шилжүүлсэн боловч Сенат өнөө хэр хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс Сенат дахь Бүгд найрамдах нам (БНН)-ын гишүүд рүү чиглэсэн нийгмийн шахалт ширүүсэх төлөвтэй. Гэвч иргэдийн галт зэвсэг эзэмших эрхийг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт нь бүх төрлийн, түүний дотор хөнөөл ихтэй буюу байлдааны зориулалттай автомат, хагас автомат галт зэвсэгт ч хамаарна гэх БНН-ын байр суурь өөрчлөгдөх шинжгүй байна. Үүний цаана америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийн хүчтэй лобби байгаа билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn