АНУ: Цагаан арьстны ноёрхол, дээрэнгүй үзэл бол “хор”

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк муж улсын Баффало хотод ажиллах үеэрээ цагаан арьстны ноёрхол, дээрэнгүй үзлийг “улс төрөөр дамждаг хор” хэмээн тодорхойлсон байна.
АНУ: Цагаан арьстны ноёрхол, дээрэнгүй үзэл бол “хор”

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тус хотын нэгэн супермаркетад өнгөт арьст 10 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд энэ халдлагыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалт буюу өнгөт арьстнуудыг үзэн ядах үзлийн улмаас үйлдсэн гэгдэж буй билээ.

Халдлагыг Пэйтон Жендрон гэх 18 настай цагаан арьстан үйлдсэн бөгөөд тэрээр өөрийгөө “фашист” бөгөөд “цагаан арьст үндсэрхэг үзэлтэн” гэж тодорхойлж, цахим орчинд бичсэн байсан юм.

Ж.Байден мягмар гарагт хохирогчдын ар гэрийнхэн болон анхны тусламж үзүүлэгчидтэй уулзсаныхаа дараа үг хэлэхдээ “Цагаан арьстнуудын ноёрхол, дээрэнгүй үзэл бол хор юм. Энэ бол улс төрөөр дамжин бидний бие махбод руу нэвчиж буй жинхэнэ хор” гэжээ.

Халдлага үйлдсэн этгээдийг Ж.Байден “үзэн ядалт, айдас бөгөөд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс улбаатай гажуудсан үзэл сурталд автсан нэгэн” гэж буруушаасан байна.

Тэрээр цааш нь ярихдаа “Одоо арьсны өнгө, гарал угсаанаас үл хамааран Америкийн бүх иргэн хүн амын олонход хамаарна гэдгийг илэрхийлж, цагаан арьстны ноёрхол, дээрэнгүй үзлийн эсрэг дуу хоолойгоо аль болох тодорхой бөгөөд хүчтэйгээр хүргэх цаг нь болсон байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд болон албаны бусад хүний хэлснээр, цагаан арьстнуудын хүчирхийлэл нь тус улсад тулгарч буй “терроризмын хамгийн том аюул” юм.

Эх сурвалж: BBC, Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn