АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 22 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувиар өсгөлөө

АНУ-д инфляц сүүлийн 40 жилийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрээд буй бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна.
АНУ-ын Төвбанкны тэргүүн  Жером Пауэлл
АНУ-ын Төвбанкны тэргүүн Жером Пауэлл

Үнийн өсөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувиар өсгөж буйгаа АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банк мэдэгдлээ.

3 дугаар сард бодлогын хүүгээ ялимгүй өсгөсөн тус банк лхагва гарагт 0.5 хувиар өсгөснөөр бодлогын хүүгээ 0.75%-аас 1%-ийн хооронд барих шийдвэр гаргасан байна.

АНУ-д инфляц сүүлийн 40 жилийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрээд буй бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм.

Бодлогын хүүг өсгөсөн нь дэлхийн өнцөг булан бүрд буй айл өрхүүдэд мэдрэгдэж буй үнийн өсөлттэй тэмцэх зорилгоор АНУ-аас авч байгаа ээлжит арга хэмжээ аж.

Мөн лхагва гарагт Энэтхэгийн төв банк бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргаснаа зарласан бол Австралийн төв банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ нэмсэн байна.

Английн төв банк бодлогын хүүгээ өсгөх шийдвэрээ өнөөдөр зарлахаар төлөвлөж буй бөгөөд тус банк өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш дөрөв дэх удаагаа бодлогын хүүгээ өсгөх гэж байгаа нь энэ юм.

АНУ-ын төв банкны тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт Вашингтонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Инфляц хэт өндөр байгаагаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг бид ойлгож байна. Бид үүнийг буцааж буулгахын тулд хурдан хөдөлнө” гэжээ.

Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөснөөр хувь хүмүүс, бизнес эрхлэгчид болон засгийн газрууд зээл авахад хүү нь өснө гэсэн үг. Гэхдээ бодлогын хүүг өсгөх шийдвэр нь бараа үйлчилгээний эрэлтийг бууруулж, инфляцыг намжаахад тусална гэж банкнууд үзэж байна.

Мөн уг шийдвэр нь Украины дайн болон Ковид-19 цар тахлын улмаас Хятад улс хөл хорио тогтоож буй энэ үед эдийн засгийн сэргэлтийг эрс удаашруулж, дэлхий дахинд шинэ сорилтуудыг авчирч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын төв банкны хүү тогтоох хороонд ажиллаж байсан эдийн засагч Дональд Кон мэдэгдэхдээ “Энэ бол тэдний хувьд явах л ёстой нарийн зам. Үүгээр явах нь маш хэцүү ажил байх болно” гэжээ.

Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр 3 дугаар сард АНУ-д инфляц 8.5%-д хүрсэн нь 1981 оноос хойш инфляцын жилийн өсөлт хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт аж.

Энэ нь инфляцыг 2%-д барина гэсэн АНУ-ын төв банкны зорилтот түвшнээс хамаагүй өндөр үзүүлэлт бөгөөд инфляцыг тогтворжуулах нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд улс төрийн томоохон асуудал болоод байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn