
Хүйтэн дайны үеийн америк-зөвлөлтийн сансрын уудамд ноёлох гэсэн өрсөлдөөн НҮБ-ын хүрээнд хамтран тогтоосон тодорхой дүрэм журмын хүрээнд явагдаж байсан бол энэ удаад америк-хятад хоёр ирээдүйд сансрын огторгуй дахь аливаа үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчим дээр санал зөрөлдөж байна.
АНУ-ын хувьд “Артемис” хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд саран дээр дахин газардах зорилт тавьсан бөгөөд энэхүү аяллаар анхны эмэгтэй сансрын нисгэгч саран дээр хөл тавих юм. НАСА 4 дүгээр сард “Артемис-1” хөлгийн анхны туршилтыг хийгээд байна. Мөн Ангараг гараг дээр хүн буулгаж, 2030 он гэхэд саран дээрх анхны байнгын ажиллагаатай баазыг байгуулахаар төлөвлөжээ.
Вашингтоны санаачилсан Артемисын гэрээнд одоогоор 19 улс нэгдээд байна. Уг гэрээ нь 1967 оны Сансрын огторгуйн гэрээ (Сансрын огторгуй, түүнчлэн сар болон бусад тэнгэрийн эрхсийг шинжлэн ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ)-нд үндэслэж, эрдэс олборлох зэрэг саран дээрх аливаа үйл ажиллагааг зохицуулах юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис Артемисын гэрээг сансрын үйл ажиллагааг энх тайванч, хариуцлагатай, тогтвортой хэлбэрээр зохион байгуулахад чиглэсэн алхам гэж мэдэгдсэн.
Тэгвэл Бээжин Вашингтоны санаачилгыг сансрын НАТО байгуулах гэсэн оролдлого хэмээн үзэж эсэргүүцсэн бөгөөд ОХУ-тай хамтран Сарыг шинжлэн судлах ОУ-ын станц байгуулах алтернатив хувилбар дэвшүүлэн ажиллаж байна. Артемисын гэрээгээр улс үндэстнүүд саран дээр өөрсдийн “аюулгүйн бүс” байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр улс орнууд 1967 оны Сансрын огторгуйн гэрээний дагуу зөрчилдөөн үүсгэхгүйн тулд тус тусын бүсэд нэвтрэхгүй байх үүрэг хүлээх юм.
Энэ заалтад үндэслэн АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд, тэдгээрийн компаниуд сарны гадаргууг хүч түрэн эзэмшиж, нөөц баялгийг нь хамах вий гэх болгоомжлол Бээжинд хүчтэй байгаа билээ. Тиймээс хятадын эрх баригчид Артемисын гэрээг шударга бус схем гээд НҮБ-ын дэмжлэгтэй хамтын зөвшилцөлд тулгуурлан тэнцвэртэй шийдвэр гаргаж, саран дээрх үйл ажиллагааг зохицуулах шаардлага тавьсан.
2011 онд америкийн хууль тогтоогчид НАСА-г Хятадтай хамтран ажиллахыг хориглосноор хятадууд ОУ-ын сансрын станцад үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ингээд Хятад улс өөрийн сансрын станцыг байгуулах ажилд ханцуй шамлан орж, энэ оны 3 дугаарын 10-нд “Тянгон” сансрын станцыг тойрог замд амжилттай хөөргөжээ.
Түүнчлэн сарны “харанхуй” хэсгийг тандан судлах хиймэл дагуул хөөргөсөн анхны (2019), АНУ-ын дараа Ангараг гараг дээр хөдөлгөөнт төхөөрөмж буулгасан (2020) хоёр дахь улс болсон. Хятадын сансрын хөтөлбөрийн дагуу 2025 онд саран дээр мөн хөдөлгөөнт төхөөрөмж буулгах бөгөөд 2030 он гэхэд анхны сансрын нисгэгчээ буулгах төлөвлөгөөтэй байна. Эндээс Хятад улс сансрын өрсөлдөөнд хүч түрэн орж ирж буй нь харагдана.
Сарыг нарны аймгийн Персийн булан хэмээдэг агаад учир нь сарны гадаргуу дахь гурван халбага гелий-3 элемент л гэхэд 5,000 тн нүүрсийг орлох боломжтой гэж эрдэмтэд үздэг билээ.
Эх сурвалж: Bloomberg