Африкт 100 гаруй сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна

Этиоп улсад л гэхэд 8-17 насны хөвгүүдийн 51% нь ажил хийж байгаа ажээ.
Африкт 100 гаруй сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна

ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас гаргасан судалгаагаар Африк тивийн 100 гаруй сая хүүхэд сургуульд суралцахгүй байгаа нь тодорхой болжээ. Анхан шатны сургуульд суралцдаггүй 55 сая эмэгтэй, 49 сая эрэгтэй хүүхэд байгааг судалгааны дүн харуулсан байна.

Дүү нараа харж асрах болон гэрийн ажил хийлгэхийн тулд охидыг сургуульд явуулдаггүй. Харин хөвгүүд 8-10 насандаа гэр бүлдээ туслахаар ажил хийж эхэлдэг учир сургуульд суралцуулах шаардлагагүй гэж ихэнх гэр бүл үздэг гэнэ.

ЮНЕСКО-гийн боловсрол, жендэрийн тэгш байдлын хөтөлбөрийн эксперт Матиас Экийн мэдээлснээр хөвгүүд өсвөр насанд хүрмэгцээ алан хядах бүлэглэл юм уу ямар нэгэн хөдөлгөөнд элсдэг ажээ.

“Сахарын цөлийн өмнөд бүс нутагт 15-24 насны маш олон хүүхэд, залуус бичиг үсэг мэдэхгүй байна. Нигерид л гэхэд өдий насны хүүхэд, залуусын 57% бичиг үсэггүй. Залуус бичиг үсэг мэдэхгүй байх нь тэндхийн алан хядах бүлэглэлд хэрэгтэй.

Ядуу айлын хөвгүүдийн боловсрол эзэмших боломж маш бага. Лесото, Намибид хөвгүүдийг мал хариулуулахын тулд сургуулиас нь шууд гаргах юм уу эсвэл бүр сургуульд оруулдаггүй. Өмнөд Африкт бол уурхайд ажиллуулахын тулд хөвгүүдийг сургуульд явуулдаггүй. Этиоп улсад л гэхэд 8-17 насны хөвгүүдийн 51% нь ажил хийж байна. Камерун, Мадагаскарт ч гэсэн байдал яг ийм байгаа” гэж Матиас Эк мэдэгджээ.

ЮНЕСКО-гийн үзэж буйгаар Африкийн ирээдүй болсон хүүхэд залуус бичиг үсэг, соёл боловсролгүй хүмүүжиж байгаа нь алан хядагчид болох магадлалыг ихэсгэж байгаа юм.

Эх сурвалж: Francetvinfo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn