НҮБ: Афганичууд хүнсний гүн хямралд ороод байна

Афганистаны хүн амын талаас илүү хувь нь буюу 22.8 сая орчим хүний хүнсний аюулгүй байдал алдагдаад буй бөгөөд 5-аас доош насны 3.2 сая хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд орж болзошгүй байна.
НҮБ: Афганичууд хүнсний гүн хямралд ороод байна

Нэн даруй арга хэмжээ авахгүй бол энэ өвөл афганичууд сая саяараа өлсгөлөнд нэрвэгдэхээр байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (ДХХ) анхааруулжээ.

ДХХ-ийн мэдэгдсэнээр, Афганистаны хүн амын талаас илүү хувь нь буюу 22.8 сая орчим хүний хүнсний аюулгүй байдал алдагдаад буй бөгөөд 5-аас доош насны 3.2 сая хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд орж болзошгүй байна.

“Афганистан Улс одоо хүмүүнлэгийн хамгийн том хямрал нүүрлээд буй газруудын нэг болоод байна. Тус улсад хэзээ мөдгүй гамшиг нүүрлэхээр байна” гэж ДХХ-ийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли хэлжээ.

АНУ цэргүүдийнхээ үлдсэн хэсгийг татаж авснаар өнгөрсөн наймдугаар сард Афганистаны засгийн эрхэнд лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэн гарсан юм. Үүний улмаас Өрнөдийн улс орнууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк тус улсад өгдөг тусламжаа зогсоосноор гадаадын тусламж дэмжлэгээс ихээхэн хамааралтай байсан эдийн засаг нь улам бүр уналтад орсон билээ.

Дэлхийн банкны мэдэгдсэнээр, аливаа улс орны ДНБ-ийх нь 10 ба түүнээс дээш хувь нь гадаадын тусламжаас бүрддэг бол тухайн улс орныг гадаадын тусламжаас хамааралтай улс гэж үздэг бөгөөд Афганистаны тухайд ДНБ-ий 40% нь гадаадын тусламжаас бүрддэг ажээ.

Одоо афганичууд хоол хүнс авахын тулд эд зүйлсээ худалдаж байна.

“Би хамгийн сүүлд таван сар гаруйн өмнө цалин авсан. Амьдрал үнэхээр хүнд байна. Зарж болохоор юмаа зарж байна. Мал амьтнаа зараад дууссан, одоо модоо тайрч зарж байна” гэж тус улсын Херат хотын нэгэн багш ярьжээ.

Мөн тус улсын Кандагар хотын нэгэн оршин суугч ярихдаа “Хүмүүс үнэхээр туйлдаж, ядууралд нэрвэгдэж байна. Нэгэн эмэгтэй зочид буудлын хогийн савнаас хоолны хаягдал авч байхыг би өчигдөр харсан. Яагаад ингэж байгааг нь асуухад хүүхдүүдээ тэжээхийн тулд үүнээс өөр арга алга даа гэж хэлсэн” гэсэн байна.

Афганистаны айл өрхүүдийн ердөө 5% нь л өдөр бүр хоолтой хонож байна гэж өнгөрсөн есдүгээр сард ДХХ анхааруулсан юм. Тус улсад ургамлын тос болон гурил зэрэг хоолны үндсэн орцуудын үнэ эрс өсөөд байгаа аж.

Афганистанд туслах яаралтай арга хэмжээ авахгүй бол тус улсад нэг сая хүүхэд хоол тэжээлийн цочмог дутагдлын улмаас амь насаа алдах эрсдэлтэй байна гэж тус байгууллага энэ сард мөн анхааруулсан юм.

Есдүгээр сард Женев хотод болсон нэгэн бага хурлын үеэр олон улсын хамтын нийгэмлэгээс Афганистаны ард түмэнд 1 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлэхээр амласан бөгөөд үүний гуравны нэгийг нь ДХХ-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар тогтсон аж. Гэвч энэ амласан мөнгөний ердөө гуравны нэг хувь нь л орж ирээд буй бөгөөд одоо “далайд дусал нэмэр” гэгчээр бага ч гэлтгүй тусламж дэмжлэг үзүүлэхийг ДХХ улс орнуудад уриалж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn