Афганистаны 40 сая хүн амд өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ

Талибууд эрх мэдэлд гарснаас хойш улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй болж үнэ өсч, амьжиргаа улам дорджээ.
Афганистаны 40 сая хүн амд өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ

Өгөршиж муудсан булш хагарч бутраад, мухар гудамжаар явж хүрэх орон сууц, байшингууд өмхий үнэр, шаварт живжээ. Хүүхдүүд чулуу авч шавар шалбааг дээгүүр цувуулан тавьж зам гарган тоглох аж. Афганистаны нийслэл Кабул хотын даржин дүүргүүдэд ийм дүр зураг хэдийнээ дасал болжээ.

Сахалтай Талибанууд, эсвэл Вашингтоны талыг баримтлагч Ерөнхийлөгч төр барих эсэх нь Афгануудад нэг их хамаагүй. Улс орноо орхиж гарахын тулд ямар нэг гадаад улсын элчин сайдын яаманд ойртох ч эрхгүй тэдэнд хамгийн түрүүнд хоргодох дээвэр, өл залгуулах хоол унд хэрэгтэй байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Талибуудын дэглэмийг өөгшүүлж дэмжилгүйгээр Афганистаны нийгмийн хамгийн доод давхаргад тусламж дэмжлэг үзүүлэх нь дэлхий нийтийн хамгийн том сорилт дуудлага болоод байна.

Жахан Зеб 40 настай. Эхнэр, есөн хүүхдийн хамт Кабулын нэгэн дүүрэгт сарын 40 еврогоор байр түрээслэн амьдардаг. Хоёр жилийн өмнө гэр бүлээрээ Жалалабад хотоос нийслэл Кабулд ирж суурьшжээ. Төрөлх хотдоо хүнсний дэлгүүр ажиллуулж байсан ч амьдралд хүрэлцэхгүй байсан тул ийнхүү шилжин ирсэн аж. Тэдний гэр бүлийн сарын нийт орлого 250 афганис буюу 75 евро. Талибууд эрх мэдэлд гарснаас хойш улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй болж үнэ өсч, амьжиргаа нь улам дорджээ.

Жахан өнөөдөр Шарай Шамали зах руу бараа тээвэрлэж амьдралаа залгуулж байна. Ямар нэг бүртгэлгүй, албан бус, тогтсон орлогогүй ажил. Олон зуун мянган Афган хүмүүс иймэрхүү маягаар амь зууж байгаа аж. Тэрээр 3-20 насны таван хүү, дөрвөн охинтой. Зарим нь хичээлийн бус цагаар хар бор ажил хийж гэр бүлдээ нэмэр болдог. Засгаас өгдөг тусламжийн багцад нэрээ өгсөн ч тусламж авсан удаа байхгүй хэмээн Жахан өгүүлж байна.

Энэ бол Афганистаны амьдралын нэг жишээ. Өнөөдөр тус улсын 40 сая хүн амд өлсгөлөнгөөр үхэх аюул тулгарчээ. Сүүлийн хэдэн жил байдал улам дордож, өлсгөлөн бодитоор заналхийлэх болов. Афганистан олон улсын тавцанд ганцаардаж, хориг арга хэмжээнд ороод байгаа. Банкууд байнга урт дараалалтай, долоо хоногт данснаасаа ганц удаа 200 орчим доллар авах хязгаартай. Иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтсоор.

Афганистаны иргэдийн 97 хувь нь нэн ядуу ангилал руу оржээ. Хэдэн сарын өмнө энэ үзүүлэлт 72 хувьтай байсан хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдэгдэж байна. Байдал энэ янзаар үргэлжилбэл, ойрын саруудад дотоодын нийт бүтээгдэхүүн нь 13 хувиар буурах аж.

Европын холбооны үзэж буйгаар, 18 сая Афган иргэнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 57 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан хоёр онгоц Кабулд буужээ.

“Манай Засгийн газрыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн Талибууд мэдэгдсээр байна. Гэвч тэд дотоодын хямрал, асуудлаа зохицуулах чадваргүй байгаа юм. Дэлхийн улс орнууд Талибуудын бурангүй дэглэмийг дэмжиж өөгшүүлэхгүйгээр ард түмэнд нь тусламж үзүүлэх чиглэл барьж байна. Тусламжийг олон улсын болон Засгийн газрын бус байгууллагуудаар шууд дамжуулан олгохыг зөвшөөрвөл Афганы ард түмэнд үр дүнтэй тусламж үзүүлэх боломжтой хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn