Амбиц нь “Тэрбум мод”, амьдрал дээр тэрбум нүх үлдэх вий

“Тэрбум мод” тарих тухай ярих зуур байгальд тэрбум мод устаж байна.
Амбиц нь “Тэрбум мод”, амьдрал дээр тэрбум нүх үлдэх вий

Юун түрүүн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зорьж шүүмжлэх гээгүйг онцлон хэлье. Тэрбум модтой болчихвол түүн шиг сайхан юм хаана байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш нэг командын дор мод тарих компанит ажил эхэлсэн. Нэг командын дор гэдэг нь төрийн байгууллагууд хуваарийн дагуу заасан газарт, бэлдсэн нүхэнд, бэлэн үрсэлгээг шороонд булах л ажил хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг их хүч хөдөлмөр, сэтгэл гаргаад байх шаардлагагүй. Ер нь ч өөрийн хүслээр биш, командаар хийсэн зүйлд хүн хэзээ л таатай хандаж байлаа. Юм нь бэлэн байх тусам хайнга ханддагийг тэрхүү командын дор мод тарих ажилд оролцсоны хувьд анзаарсан. Хэдийгээр бүх зүйл нь бэлэн ч бордоо, бор шороо, хар шороогоо зохих балансаар нь нүхэнд хийж, үрсэлгээгээ голлуулж барьж булах, дарах гээд басхүү нарийн дэс дараалал байгаа юм. Уг нь мэргэжлийн зөвлөгч талбай дээр нь ажилладаг л юм билээ. Гэвч тэр олон шаагилдаж, шуугилдсан олны үрсэлгээгээ хэрхэн нүхэнд хийж, булж байгааг нэг бүрчлэн хянах аргагүй. Нэг нь хөөрхий ном ёсоор нь нүх рүүгээ бордоогоо хэмжээд хийж байтал нөгөө нь хүүе гэхийн завдалгүй булах шороог хажуугаас хүрздээд ороод ирнэ. “Эхлээд бор шороогоо хийж энэ бордоотойгоо холих байсан шүү дээ” гэхэд Шороо л бол шороо гэсэн юм хэлээд л байхгүй. Мэдээж ном ёсоор нь тарьж байгаа хүн зөндөө байгаа ч дор хаяж 50% нь “халтуурддаг” гэвэл хүн гүтгэсэн болохгүй дээ. Мэдээж үрслэгээний дараах арчилгаа, усалгаа мод ургахад чухал нөлөөтэй ч үндсийг нь зөв суулгаагүй мод гэлтгүй юм бүхэн урт насалдаггүйг амьдрал батална. Тиймээс энэ сайхан буянтай ажилд тарьж байгаа нь ч, тариулж байгаа нь жаахан сэтгэлтэй хандаж, ер нь тэрбум мод тарих процесстоо анхаарал хандуулах хэрэгтэйг өдгөө анхны үрслэгээний үр дүн харуулаад эхэллээ.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сүр дуулиантай үндсийг нь суулгасан шинэ Налайхын цэцэрлэгт хүрээлэн уг нь бол өдийд нахиалах ёстой байлаа. Гэвч усалгаа, арчилгааг хангалттай хийгээгүйгээс, магадгүй үндсийг зохих түвшинд булаагүйгээс гэх мэт тарих, ургуулах процессын алдаанаас өдгөө зулзаган мод биш хатсан үрсэлгээ, харласан нүх үлдсэн нь харамсалтай.

“Тэрбум мод” тарих тухай ярих зуур байгальд тэрбум мод устаж байна

“Тэрбум мод”-той нягт холбоотой нэг зүйл бол тарих гэж байгаа биш одоо байгаль дээрээ байгаа моддын хувь заяаны асуудал. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас дахь мэдээгээр 1994-2014 он хүртэлх 20 жилд 1.2 сая га ой устаж үгүй болсон аж. Энэ нь хүний болоод бусад хүчин зүйлээс нөлөөлдгийн нэг томоохон шалтгаан нь хортон шавж.

Өнгөрсөн зун ойн сан ихтэй газруудаар аялсан хүмүүс анзаарсан л байх. Дэлгэр зун атал уулын моддын 70-80% нь нүцгэнээрээ буюу хөсрий даасан байхыг. Өтөнд идэгдсэн мод юун ногоорох битгий хэл, хамаг шим тэжээлээ өтөнд идүүлээд үхэж байгаа нь энэ аж. “Манай оронд 18.5 сая га ой байна. Гэхдээ 70 гаруй хувь буюу дийлэнх хэсэг нь нас гүйцсэн, хөгширсөн ой. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын горим дэглэм илүү шаардсан ийм л ойтой орон доо, Монгол” гэж ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч “Үндэсний тойм” сэтгүүлд өгсөн ярилцлага дээрээ хэлсэн байна лээ.

Тэгтэл шавж нас гүйцсэн, хөгшин модыг биш ойн нөөцийн 30% буюу залуу модыг иддэг гэж байгаа. Тэгэхээр манай нийт ойд хамгаалалт хэрэгтэй гэсэн үг.

Ерөнхийлөгч өө, одоо мод тарьж биш, ойд шавжийн хор цацаж попроё оо

Ойн хортон шавжийн тархалтын судалгаанаас харахад 2019 оноос хойш шаардлагатай талбайд хангалттай хор цацах нь багассаар иржээ. Тухайлбал 2019 онд дээрх судалгаагаар 322.2 мянган га-д шавж голомтлон тархаж, улмаар зайлшгүй хор цацах ёстой талбай нь 56.2 мянган га гэж тогтоосон ч тухайн жил ердөө 22.8 мянган га-д л шавжийн устгал хийжээ. Мэдээж шавжийн хорыг явганаар цацна гэдэг хүн хүч, үр дүн талаасаа дутмаг, цаг хугацаа их шаардана. Аль социализмын үеэс системтэй хийж ирсэн, шинэ бус туршлага манайд байсаар ирсэн нь онгоцоор хор цацах. Гэвч хөрөнгө мөнгө, техник гэхээсээ илүү төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муугаас болж энэ ажил зогсоход хүрчээ.

“Одоогоор дэлхий нийт хортон шавжтай тэмцэхэд нисэх онгоцноос өөр давуу арга технологи олоогүй байна. Жишээ нь, Өмнөд Солонгосын ойн бүсийн эзлэх талбай нь манай орныхоос даруй гурав дахин бага боловч түүнийг хамгаалах ажлыг 50 авиа компани хариуцан гүйцэтгэдэг” хэмээн ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер нисгэгч Т.Батжаргал “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн юм байна. Түүний судалгаагаар өдгөө шаардлагатай талбайд шавж устгал хийхэд 12 тонн шингэн болон хуурай хор агуулах бункер, хор шүршдэг тоноглолтой, олон зориулалтаар ашиглах боломжтой 10-15 жижиг онгоц шаардлагатай гэж үзсэн бөгөөд коронагийн улмаас гаднын нислэгүүд хумигдаж авиа компаниудын агаарын хөлгийн үнэ хямдарсан энэ цаг үеийг ашиглах боломжтой гэдэг гарцыг ч хэлжээ.

Уг нь бол 1980 онд Польшоос 22 ширхэг “АН-2” онгоцыг хор шүршдэг тоноглолын хамт худалдаж авч ашиглаж байсан бөгөөд одоо ч тэдгээрийг их засварт оруулж дахин ашиглах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, онгоцоор хор цацаж байсан өмнөх туршлага нь байна, техник нь байна, болдоггүй юм гэхэд авиа компаниудтай хамтран ажиллах боломж нь байна. Ганцхан бодлого алга. Ерөнхийлөгчөөсөө эхлээд “Тэрбум мод” л гэж ярихаас биш тэрбум тэрбум модыг шавж идэж байгааг ярьдаг хүн алга. Ерөнхийлөгч өө, одоо попрох сэдвээ өөрчилье өө. “Тэрбум мод” ургадаг ч байсан, үгүй ч байсан галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Та оноогоо авчихсан. Харин одоо хөлөг онгоцонд суугаад, Монгол орны ойн сан дээгүүр хор цацаж харагдвал амьдралд буусан PR болно доо.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn