Хөрсний бохирдлын тухай мэдвэл зохих зүйлс

Экологи судлаачид хөрсийг "дэлхийн бөөр" гэж нэрлэдэг. Учир нь бохирдуулагч бодисууд хөрсөөр дамжин нэвчиж, цэвэр усны хангамжид хүрдэг. Тэгэхээр дэлхий нийтэд ундны цэвэр усны хүрэлцээ, хангамж улам бүр муудсаар байгаагийн өөр нэг шалтгаан нь хөрсний бохирдол гэсэн үг.
Dylan de Jonge
Dylan de JongeUnsplash

Дэлхийн "бөөр"

Хөрс бол органик болон органик бус материал, уснаас гадна вирус, бактери, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүд зэрэг төрөл бүрийн амьдралын хэлбэрүүдийг агуулсан хольц бөгөөд энгийнээр бол дэлхийг гаднаас нь бүрхэж байрладаг нимгэн бүтэц юм. Дэлхийн шим мандалд чухал үүрэгтэй энэхүү бүтэц удаан хугацааны туршид бий болдог. Тухайлбал, тариалангийн талбайн хөрсний 1 см зузаантай давхарга бүрэлдэн бий болоход 1000 жил шаардлагатай байдаг ажээ.

Хөрсний бүтэц, найрлага дэлхийн геологийн түүхийн явцад тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Гэвч хүмүүс бидний санаатай болон санамсаргүй үйлдлийн нөлөөгөөр (ихэнх тохиолдолд хог хаягдлын нөлөөгөөр) хөрсний найрлагад урьд өмнө нь байгаагүй эсвэл маш бага хэмжээтэй байсан бохирдуулагчид ихээр нэмэгдэж, бүтэц шинж чанар нь өөрчлөгдөх болсон. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) дэлхийн хөрсний гуравны нэг нь дунд зэргийн доройтолд хүрснийг баталсан байна. Хүн, амьтан болон ургамлын хэвийн амьдрал нэгэнт эрсдэлд оржээ.

Өөрөөр хэлбэл хөрсөн дэх хүн, ургамал, амьтанд халтай аливаа бодис хэвийн хэмжээнээс хэтрэхийг хөрсний бохирдол гэж үздэг. Жишээ нь, хар тугалга газрын хөрсөнд байгалиасаа агуулагддаг. Энэ нь тухайн газар оронд амьдарч буй хүн, амьтан, ургамалд төдийлөн хор хөнөөлгүй хэмжээнд байж болно.

Гэтэл 1989 оныг хүртэл машины бензин болон дизель түлшинд их хэмжээний хар тугалга агуулагдаж байсан ба түүний нөлөөгөөр газрын хөрс их хэмжээгээр хар тугалгаар бохирдсон юм. Тухайн үед бензиний найрлагад өндөр стандарт тогтоож, авто машины яндангаас ялгарах хар тугалгыг хянах болсон ч одоог хүртэл хөрсний бохирдол буураагүй байна. Тийм ч учраас хөрсний бохирдолд томоохон хотууд болон аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн газрууд хамгийн их өртөх эрсдэлтэй юм.

Хөрсийг хамгийн нийтлэг бохирдуулагчид нь хог ургамал устгахад хэрэглэгддэг пестицид, нефтийн бүтээгдэхүүн, радон, асбест, хар тугалга, хромжуулсан зэсийн арсенат, креозот зэрэг бодисууд юм. Хот суурин газрын хөрсний бохирдол гол төлөв хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг бөгөөд үйлдвэрлэлийн процесс, хог хаягдал, хөдөө аж ахуйн зориулалтаар газар боловсруулах, пестицид эсвэл бордоог хэт их хэрэглэх, орон нутгийн хог хаягдал зэрэг нь гол эх сурвалж болно. Мөн хүнд даацын машин, ачааны машины хөдөлгөөн хөрсийг бохирдуулагч өөр нэг хүчин зүйл аж.

Магадгүй та борооны дараах шалбааг нарны гэрэлд солонгорон, гялалзаж байгааг харж байсан байж болох юм. Энэ бол газрын тосны бүтээгдэхүүн зэрэг усанд уусдаггүй, хөнгөн жинтэй бохирдуулагчид бөгөөд шалбааг газарт шингэхэд эдгээр бохирдуулагч бодисууд хөрсөнд үлдэх болно.

Хөрс тэдгээр бодисуудаар бохирдсон тохиолдолд байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээр бодисуудын ихэнх нь хүн, амьтнаас гадна ургамалд ч хортой. Экологи судлаачид хөрсийг "дэлхийн бөөр" гэж нэрлэдэг. Учир нь бохирдуулагч бодисууд хөрсөөр дамжин нэвчиж, цэвэр усны хангамжид хүрдэг. Тэгэхээр дэлхий нийтэд ундны цэвэр усны хүрэлцээ, хангамж улам бүр муудсаар байгаагийн өөр нэг шалтгаан нь хөрсний бохирдол гэсэн үг.

Гэхдээ хөрсөнд хэр их хэмжээний бохирдол хуримтлагдах, тэр нь хөрсөнд нэвчиж ундны усанд хүрэх эсэх нь тухайн газар орны хөрсний шинж чанар болон бохирдуулагч бодисын физик, химийн шинж чанараас ихээхэн хамаардаг. Жишээлбэл, зарим бохирдуулагчид шавраас илүү элсэрхэг хөрсөөр дамжин гүний усны эх үүсвэрт амархан хүрдэг. Харин нарийн ширхэгтэй шаварлаг хөрс эсвэл гадаргын хөрсөн дэх органик материал нь бохирдуулагчийг гүн шингээхгүйгээр нягт барьж чаддаг тул ийм хөрсөнд ямар нэг малталт эсвэл хөрс боловсруулалт хийхгүй, хөндөхгүй байх тохиолдолд бохирдуулагч бодис хуримтлагдсаар байна. Түүнчлэн зарим бохирдуулагч нь тоос шороо, бороо, цас зэрэг байгалийн үзэгдлийн тусламжтайгаар өөр газар орны хөрсийг ч бохирдуулах боломжтой.

Эдгээрийг харгалзан үзсэний үр дүнд НҮБ-ын ХХААБ нь хөрсний бохирдлыг дараах хоёр төрөлд ангилсан байдаг.

Өвөрмөц бохирдол: Тодорхой шалтгаантайгаар, тодорхой хэмжээний газар нутагт үүссэн хөрсний бохирдол. Энэ төрлийн хөрсний бохирдол нь ихэвчлэн хотууд, хуучин үйлдвэрийн зам талбай, хууль бус хогийн цэгүүд, бохир ус цэвэрлэх байгууламжийн орчимд тохиолддог. Шалтгаан нь тодорхой учир үүнийг засах замаар бохирдлыг богино хугацаанд арилгаж болно.

Өргөн тархсан бохирдол: Өргөн уудам нутгийг хамардаг бөгөөд шалтгааныг тодорхойлоход төвөгтэй, ихэнх тохиолдолд хэд хэдэн шалтгаантай байж болдог. Энэ тохиолдолд дээр дурдсанчлан агаар болон гүний усаар бохирдуулагч бодисууд тархаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөөлдөг байна.

Хөрсний бохирдлын үр дагавар

Хөрсөнд хуримтлагдсан хорт бодисууд бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж, хоол хүнс, ус, агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. IPBES (The Intergovernmental Science-Policy Platform on Biodiversity and Ecosystem Services) болон НҮБ-ын ХХААБ-ын тодорхойлсны дагуу хөрсний бохирдол хамгийн гол үр дагавруудыг дараах байдлаар авч үзэж болох юм.

Эрүүл мэнд: Хөрсийг бохирдуулагч бодисууд бидний хүнсний сүлжээгээр дамжин биед нэвтэрч, төрөл бүрийн өвчин эмгэг үүсгэдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хамгийн нийтлэг хөрсний бохирдуулагчдын нэг гэж тооцогдох болсон антибиотик хүрээлэн буй орчинд ихээр тархсанаас зарим өвчин эмгэг үүсгэгч бактериудын антибиотикт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж байгаа нь ихээхэн санаа зовоосон асуудал болоод байгаа билээ.

Ургац муудах: Хөрсний бохирдуулагчид нь ургамлын хэвийн ургалтад хүчтэй нөлөөлдөг тул ургацын хэмжээ, чанарыг бууруулснаар дэлхийн дахины хүнсний аюулгүй байдалд аюул учруулж байна.

Цаг агаарын өөрчлөлт: Судлаачдын тооцоолсноор XXI зууны эхний арван жилд хөрсний доройтлын улмаас агаар мандалд 3.6-4.4 тэрбум тонн хүлэмжийн хий ялгарчээ. Энэ нь дэлхийн дулааралд хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм.

Ус, агаарын бохирдол: Хөрсний бохирдол нь ус, агаарын бохирдлын гол шалтгаануудын нэг. Ялангуяа хөгжиж буй орнуудад агаар, усны чанарт хөрсний бохирдол гол нөлөө үзүүлж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх: Хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон түүнээс улбаалсан ургац буурах зэрэг үзэгдэл нь 2050 он гэхэд дэлхий дахинд 50-700 сая хүнийг цагаачлах, хот руу нүүх шалтгаан болно гэж тооцоолсон байдаг.

Биологийн төрөл зүйл устах: Хөрсний бохирдол нь дэлхийн түүхэн дэх 6 дахь удаагийн амьтан, ургамал үй олноор устах үйл явдлын гол шалтгаануудын нэг болох эрсдэлтэй гэж үздэг байна. Судалгаагаар хөрсний бохирдол дэлхий дахинд хамгийн их явагдсан 1970-2012 оны хооронд хуурай газрын сээр нуруутан амьтдын тоо 38%-аар буурсан болохыг тогтоожээ.

Цөлжилт: Сүүлийн гурван зуунд дэлхийн намгархаг газрын хэмжээ 87%-аар багассан бөгөөд цөлжилт одоогийн хурдаар үргэлжилбэл хөрсний бохирдол, элэгдлийн улмаас 2050 он гэхэд дэлхийн хүн амын 45% нь хуурайшилттай газарт амьдарч байх болно гэж тооцсон байдаг.

Эдийн засгийн сөрөг нөлөө: Хөрсний бохирдлоос үүдэлтэй дэлхийн эдийн засгийн алдагдал дэлхий нийтийн нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 10%-аас давах төлөвтэй гэж эдийн засагчид тооцоолсон юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn