Дуу чимээний бохирдол: Цуврал 1 - Шуугианы эсрэг шуугиан дэгдээх цаг болжээ

Маш товчхондоо дуу чимээний бохирдол нь үл үзэгдэх аюул юм. Дуу чимээний бохирдол нь хүн болон дэлхий дээр амьдарч буй бусад организмын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байдаг ч бид чимээгүй сонссоор л байна. Нүдэнд харагддаггүй ч биднийг үргэлж хохироосоор, чихэнд сонсогдсоор байдаг шуугианы бохирдлын талаар шуугиан дэгдээх цаг нь болжээ.
Дуу чимээний бохирдол: Цуврал 1 - Шуугианы эсрэг шуугиан дэгдээх цаг болжээ

Өглөө эртлэн босож, кофегоо уунгаа цонхоо дэлгэн өрөөнд агаар оруулав. Шувуудын өглөөний жиргээнээс өөр төвөг учруулах зүйл огтхон ч алга. Төд удалгүй цонхон доогуур явж өнгөрөх машины чимээ нам гүмийг эвдэв. Гэнэт гинжит хөрөө, цохилттой өрмийн архирах чимээ, хүмүүсийн орилох дуу хадаж шувуудын жиргээ сонсогдохоо ч байлаа. Зэргэлдээх барилгын талбайн ажил эхэлж байгаа нь тэр. Даруйхан цонхоо хааж чимээнээс тусгаарлагдахыг хүслээ. Хэрэв үгүй бол энэ шуугиан анхаарал сарниулж, эрч хүчийг барж, стрессийг нэмэгдүүлж, цаашлаад биеийн болон сэтгэцийн өвчин эмгэгийн шалтгаан болох болно. Харамсалтай нь, цонхоо хаасан ч анхаарал сарниулах чимээ сонсогдсоор л байна...

Дуу чимээ гэдэг зүйл хүн төрөлхтний бүхий л цаг үеийн туршид бидэнтэй хамт байж, түүнд хүмүүс чадахаараа дасан зохицож, боломжит арга хэмжээг авч иржээ. Эртний Ромд дугуй шажигнан дуугарах нь оршин суугчдыг тавгүйтүүлж байсан тул тэднийг сэрээхгүйн тулд шөнийн цагаар сүйх тэрэг унахыг хориглодог байсан бол Дундад зууны үед гудамжны дуу чимээг бууруулахын тулд өвс дэвсдэг байжээ.

Хотжилт нэмэгдэж, хүмүүсийн төвлөрөл ихсэж, үйлдвэржилт, автоматжуулалт хөгжихийн хэрээр орчны чимээ шуугиан дэлхий дахинд нэмэгдсээр байна. Мэдээж дуу чимээний нөлөөнд том хотуудын оршин суугчид хамгийн их өртдөг бөгөөд хүсээгүй дуу чимээний хамгийн түгээмэл эх үүсвэр бол замын хөдөлгөөн, үйлдвэрлэл, барилгын ажил юм. 1995-2006 оны хооронд АНУ-д хотын дуу чимээний түвшин 12%-аар өссөн бөгөөд үүнээс хамааран америкчуудын 40% нь илүү нам гүм газар руу нүүх хүсэлтэй байдаг байна.

Дууны чимээг децибелээр (дБ) хэмждэг. Байгалд ойн чимээ 10 децибел, салхи гарч навчис сэрчигнэхэд 20-30 дБ хүрдэг бол шивнээ яриа 30-40 децибел, энгийн яриа 50 децибел чимээ гаргадаг. Олон улсын туршлагаас үзэхэд аж үйлдвэрийн бүсэд шуугианы зөвшөөрөгдөх хязгаар нь өдрийн цагаар 75 дБ, шөнийн цагаар 70 дБ, худалдааны бүсэд өдрийн цагаар 65 дБ, шөнө 55 дБ байдаг бол орон сууцны хороололд өдөр 55 дБ, шөнийн цагаар, 45 дБ байх ёстой бөгөөд үүнээс илүү гарсан дуу чимээг дуу чимээний бохирдол (noise pollution) гэж үздэг.

Дуу чимээний бохирдол нь дэлхий дахинд агаарын бохирдлын дараа 2-р байранд ордог, хамгийн нийтлэг орчны бохирдлын нэг юм. Дунджаар 85 дБ буюу түүнээс чанга дуу чимээ нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас хүн 85 децибел болон түүнээс дээш шуугиантай орчинд 8 цагаас илүү хугацаагаар ажиллахыг хориглосон байдаг байна. Хэрэв удаан хугацааны туршид 85 децибелээс хэтэрсэн дуу чимээг сонсвол сонсгол муудаж, тэнцвэр алдагдаж, чихээр хатгаж өвддөг.

Европчуудын дунд хийгдсэн судалгаагаар 55 дБ-ээс хэтэрсэн дуу чимээ нь тэдний хэвийн амьдралд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ. Гэтэл нэг суудлын машин 65 дБ, ачааны машин 70 дБ, нисэх онгоц 120 дБ дуу чимээ гаргадаг. Америкийн Нью-Йорк, Лос-Анжелес эсвэл Европын томоохон хотуудад дуу чимээний бохирдол 80-90 дБ хүрдэг.

2012 онд Улаанбаатар хотын бүх хэсгийг хамруулан дуу дуу чимээний шинжилгээ хийхэд дундаж хэмжээ нь 67 децибел байсан бөгөөд энэ нь хотын дуу чимээний хэвийн үзүүлэлтийг давсан үр дүн юм.

Дуу чимээний бохирдол нь зөвхөн хүн төрөлхтөн бидэнд төдийгүй зэрлэг амьтдын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг. Судалгаанаас үзэхэд чанга дуу чимээний нөлөөгөөр өтний нурууны судас (хүний зүрхтэй ижил үүрэгтэй эрхтэн) илүү хурдан агшиж, зарим шувууд илүү цөөхөн дэгдээхэйтэй болоход хүргэдэг байна. Амьтад хоол хүнс олох, эсрэг хүйстнээ өөртөө татах, махчин амьтдаас зайлсхийх зэрэг төрөл бүрийн шалтгаанаар дуу авиа ашигладаг. Дуу чимээний бохирдол нь амьтдад ингэж дуу чимээг өөртөө үр дүнтэйгээр ашиглахад нь хүндрэл учруулдаг нь тэдний амьд үлдэх чадварт ч нөлөөлдөг байна.

Гэтэл яагаад бидний ихэнх нь дуу чимээний бохирдол дунд хэвийн амьдарч чадах мэтээр, утааны талаар ярьдаг шигээ үүний талаар ярьдаггүй, үл тоомсорлодог вэ? Энэ нь бидний хувьд дасаж болох зүйл мөн үү? Энэ асуултад Варшавын Козьминскийн их сургуулийн социологич Агата Стасикт хариулжээ. Тэрээр “Дуу шуугиан бол бидний эрүүл мэнд, хэвийн амьдралд урт хугацааны нөлөөллийн дараа мэдрэгддэг, орчны бохирдол юм. Тийм ч учраас нүдэнд харагддаггүй энэ аюулыг бид байх ёстой, энгийн зүйл мэтээр үл тоох шалтгаан болж байна. Ийм урт хугацааны сөрөг нөлөөллийг нарийвчлалтайгаар илрүүлэхэд илүү их цаг хугацаа, хөрөнгө шаардсан туршилт хийх шаардлагатай болдог. Иймээс хүмүүст дуу чимээний бохирдлын хор хөнөөлийг ойлгуулах хэмжээний томоохон факт гарган тавихад төвөгтэй болж байгаа юм” гэжээ.

Хэдийгээр зарим хүмүүс дуу чимээний бохирдол өөрт нь хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг мэдэрдэг ч тэрхүү дуу чимээнээс ангижрахыг хүсвэл хөдөө тосгонд, соёл иргэншлээс ангид, балар эртний амьдралаар амьдрах эсвэл чимээ шуугиантайгаа дасан зохицох гэсэн хоёр сонголтыг аль нэгийг хийхээс өөр аргагүй нөхцөлд оруулж байгаа нь өнөөг хүртэл бидний дуу, шуугианы эсрэг дууг хоолойг хязгаарлаж байх шиг.

Энэ үүднээс авч үзвэл дуу чимээний бохирдол нь улс төрийн ч асуудал юм. Дуу чимээний бохирдлыг үүсгэдэг хамгийн том хоёр эх үүсвэр дээр дурдсанчлан тээвэр болон аж үйлдвэрлэл юм. Эдгээр нь улс орон бүрийн мөнгө, санхүүгийн хамгийн том эх үүсвэр, хүмүүсийн ажиллаж орлого олох гол салбарууд учир тэднийг хязгаарлах, бууруулах арга хэмжээ авах боломжгүй юм.

Юутай ч дуу чимээний бохирдлын эсрэг нийгэмдээ шуугиан дэгдээх цаг нэгэнт болжээ. Дараагийн нийтлэлд дуу чимээний бохирдлын бидний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллүүдийн талаар дэлгэрүүлэн авч үзэх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn