Ковид-19 байгаль орчин, уур амьсгалд хэрхэн нөлөөлсөн бэ?

Цар тахлын эсрэг арга хэмжээнүүд агаар, усны чанарыг сайжруулсан ба замын хөдөлгөөн, дуу чимээ багассан нь зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэх шалтгаан болсон байна.
Ковид-19 байгаль орчин, уур амьсгалд хэрхэн нөлөөлсөн бэ?

Хэсэг мартагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд

2015 онд батлагдсан Парисын гэрээний дагуу улс орнууд НҮБ-ын Tогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах амлалт өгсөн билээ. Товчхондоо ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн байв. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтуудын хамгийн гол хэсэг нь уур амьсгалын өөрчлөлт юм.

Гэтэл удалгүй 2019 оны 12 дугаар сард Ковид-19 халдвар гарч, дэлхий даяар тархав. Хүмүүс шинээр гарч ирсэн өвчнөөс шалтгаалан олноороо үхэж эхлэв. Засгийн газрууд тогтвортой хөгжлийн зорилтуудаас илүү яаралтай, ноцтой асуудалтай тулгарлаа.

Гэхдээ засгийн газруудын авч хэрэгжүүлсэн ажлууд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад, ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ашигтай байж болох дүр зураг ажиглагдсан юм. Жишээ нь, цар тахлын эхэн үед өргөн хүрээг хамарсан хөл хорио, тусгаарлалт, аялал жуулчлалын идэвхгүй байдал зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн байна.

Ковид-19 ба зэрлэг байгаль

Хүмүүсийн ​​аялал, авто замын хөдөлгөөн багассан явдал цар тахлын зэрлэг байгальд үзүүлсэн хамгийн гол эерэг үр нөлөө байв. Аялал багассантай холбоотойгоор зам дээр зэрлэг ан амьтдыг мөргөж гэмтээж, алах тохиолдол эрс цөөрчээ. 2021 оны 3 дугаар сард хийсэн судалгаагаар Польшид зам дээр дайруулж үхсэн зарааны тоо 50%-аар буурсан бөгөөд зөвхөн Польшид хэдэн арван мянган зараа аврагдсан гэсэн үг юм. Европын 11 орны зам тээврийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд Испани, Израил, Эстони, Чех улсад цар тахлын хөл хорионы эхний хэдэн долоо хоногт зам тээврийн ослын түвшин 40 гаруй хувиар буурсан байв.

Түүнчлэн дэлхий дахинд усан зам, далайгаар тээвэрлэлт, загас агнуур, загасны аж ахуй, аялал жуулчлалын зорилгоор далайд гарах хөлөг онгоцны тоо эрс цөөрсөн юм. Далайн тээвэртэй холбоотой эдгээр үйл ажиллагаа буурснаар хөлөг онгоц далайн амьтдыг мөргөж гэмтээх, устгах эрсдэл мөн буурчээ. Энэ нь мөн усан онгоц, загас агнуурын дууны төхөөрөмж, амралт зугаалгын завинаас үүдэлтэй дуу чимээний бохирдлыг бууруулсан нь далайн амьдралд эергээр нөлөөлсөн байна.

Агаарын тээврийн тоо огцом буурсан нь шувуудад мөн л ашигтай нөлөө үзүүлсэн байх магадлалтай. АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдах газрын (FAA) мэдээлснээр, 1990-2019 оны хооронд АНУ-д иргэний агаарын хөлгүүд 227,005 удаа шувуудтай мөргөлдсөн гэх тооцоо байдаг бөгөөд энэ нь жилд зөвхөн АНУ-д 15 мянган шувуу онгоцонд мөргүүлж үхдэг гэсэн үг юм. Одоогоор нарийвчилсан тооцоо гаргах боломжгүй байгаа ч агаарт нисэх онгоцны тоо буурахад энэ үзүүлэлт тэр хэмжээгээр буурах магадлалтай гэж үзэж байна.

Цар тахал хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан нь зэрлэг амьтдад хамгийн эерэг нөлөө үзүүлсэн. Жишээлбэл, Энэтхэгт наран шарлагын газруудад загас агнуур, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нэн ховордсон оливын Ридли хэмээх далайн яст мэлхийн төрөл зүйлийн тоо толгой нэмэгдэж байгаа тухай мэдээлэгдэж байв. Мөн Чили улсын Сантьяго хотын төвд пума тэнүүчилж, Италийн Триестийн боомт орчимд далайн гахай усанд сэлж байхыг хүмүүс олж харжээ. Хотын орчинд үзэгдэх зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэж байсан нь хүний амьдрах орчинд агаар, ус, дуу чимээний бохирдол багассантай холбоотой юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2020 оны 3 дугаар сарын сүүлчээр гаргасан тайландаа цар тахлын гарал үүсэл тодорхойгүй хэвээр байгаа ч зэрлэг амьтдын хууль бус ан, худалдаа Хятадад вирус тархах боломжийг олгосон байж магадгүй гэж мэдэгдсэн. Үүнээс шалтгаалан зэрлэг ан амьтдын худалдаа цар тахлын үед хязгаарлагдсанаар хууль бус ан, түүний ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалж, байгаль орчинд ашигтайгаар нөлөөлсөн байх магадлалтай байна. Энэ нь цаашид эрх баригчид дэлхий дахинд зэрлэг амьтдыг хууль бусаар агнах, тээвэрлэхтэй тэмцэхэд тохиромжтой арга замыг сонгоход туслах болов уу гэж үзэж байна.

Цар тахал зэрлэг ан амьтдад эергээр нөлөөлсөн тухай баримтууд түлхүү байгаа ч зарим судалгаагаар хор хөнөөл учруулсан байж болзошгүйг тогтоожээ.

Цар тахлын үеийн хөл хорио зэрлэг ан амьтан, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалдаг байгаль хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сулруулсан байна. Зарим улс орнуудад зэрлэг ан амьтдыг хууль бусаар хөнөөх, нэн ховордсон ан амьтдыг устгах явдал гэнэт нэмэгдэх шалтгаан болсон. Ялангуяа бага орлоготой улс орнуудын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан хүмүүс амьжиргаагаа залгуулахын тулд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах явдал нэмэгдсэн байна. Хиймэл дагуулын зургуудаас үзэхэд хэд хэдэн цэгүүдэд ой модыг устгах ажиллагаа эрчимтэй нэмэгдэв. Түүнчлэн Бразил, Филиппинд хууль бус загас агнуур нэмэгджээ.

Үүний зэрэгцээ, нүүрний маск гэх мэт нэг удаагийн хамгаалалтын хэрэгслийг хаа сайгүй хаяснаас үүдэлтэй хуванцрын бохирдол дэлхий дахины байгаль орчны асуудлыг нэмэгдүүлж байна. Жишээ нь, маскийг идэх, орооцолдох зэрэг шалтгаанаар үхэх амьтдын тоо нэмэгдсэн гэнэ. Судлаачдын тооцоогоор цар тахлын үеэр дэлхий дахинд өдөр бүр 3.4 тэрбум нэг удаагийн нүүрний маск, нүүрний хаалтыг хаяж байв.

Ковид-19 ба орчны бохирдол

Дэлхийн өнцөг булан бүрд хийгдсэн олон тооны судалгаагаар цар тахал орчны бохирдлыг мэдэгдэхүйц бууруулсан гэж мэдээлсэн байна. Нэгэн судалгаагаар цар тахлын эхний саруудад дэлхийн нийт CO2-ын ялгаруулалт 17%-аар буурсан гэж дүгнэжээ. Үүнтэй адилаар азотын давхар ислийн түвшин АНУ, Баруун Европ, Хятадад 20-40%-аар буурсан байна.

Хятадын 44 хотын мэдээлэлд агаарын чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд аялал жуулчлалын хязгаарлалтын үр дүнд агаар бохирдуулагч 5 гол бодис 4.6- 24.67% хүртэл буурсан болох нь тогтоожээ. Америкт хийгдсэн судалгаагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ноос 5 дугаар сарын 14-ний хооронд Массачусетсийн нэг дүүрэгт автомашины хөдөлгөөн 71%-аар буурсан бөгөөд үүний үр дүнд том ширхэгт тоосонцор 46%, нарийн ширхэгт тоосонцор 68%-аар тус тус буурсан байна. Бразилын Сан Паулогийн хэсэгчилсэн хөл хорионы үед азотын ислийн хэмжээ 77.3% хүртэл буурч, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ 5 жилийн дундажтай харьцуулахад 64.8% хүртэл буурсан гэж мэдээлжээ.

Дэлхий дахинд агаарын бохирдол цар тахлын үед эрс буурсан нь аж үйлдвэр, эрчим хүч, олон улсын тээвэр, зам тээвэр 30-50%-аар, агаарын тээвэр 80%-аар буурсантай холбоотой гэж үзэж байна.

Аялал жуулчлалын хязгаарлалт, аж үйлдвэрлэл буурсан нь дэлхийн усны бохирдлыг бууруулсан байна. Жишээ нь, Энэтхэгийн хамгийн том цэнгэг устай нуурын бохирдлын түвшин хөл хорионы хугацаанд 16%-аар буурсан байна. Цар тахалтай холбоотойгоор далайн эргийг хааж, аялал жуулчлалыг хязгаарласнаар Кенийн эрэг орчмын далайн усан дахь хог хаягдлын хэмжээ буурчээ.

Далайгаас ууршсан ус бороо болон орохдоо агаарт агуулагдаж байгаа бохирдлыг хөрсөнд шингээдэг тул усны болон агаарын бохирдол хоорондоо нягт уялдаатай байдаг. Иймээс цар тахлын үед агаарын чанар сайжирсан нь усны бохирдол буурахад ч нөлөөлсөн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд үндэсний болон бүс нутгийн хөл хорио, цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд агаар, усны чанарыг сайжруулж, замын хөдөлгөөн, дуу чимээг багасгасан нь зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэж, хот руу буцаж ирэхэд нөлөөлсөн байх боломжтой.

Харамсалтай нь хөл хорио цуцлагдаж, эдийн засаг сэргэсний дараа маш богино хугацаанд эдгээр эерэг өөрчлөлтүүд үгүй болж, ан амьтад ч дахин зугтав.

Цар тахал төгсгөлийн шатандаа орж буй өнөө цагт дэлхий дахинд цар тахлын үеийн алдагдлаа нөхөхийн тулд бүх төрлийн үйлдвэрлэл илүү эрчимтэйгээр нэмэгдэх, аялал ихсэх зэргээр байгаль орчны бохирдол өмнөхөөсөө ч илүү өсөх шалтгаан болж байна. Жишээ нь, 2022 оны 3 дугаар сард Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн CO2 ялгаруулалт урьд өмнө байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Ковид-19 уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалсан боловч энэ нөлөө тун богино хугацаанд үргэлжлэв. Зарим эрдэмтэд Ковид-19 нь одоогийн хүн төрөлхтний зорилго болгож буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд юу хийх шаардлагатайг тодорхой харууллаа гэж үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn