Цуврал 3: Хотын тоосжилтыг хэрхэн бууруулах вэ?

Улаанбаатар хот дэлхийн хамгийн их тоос, тоосжилттой хотуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж байна. Хаврын улирал эхлэх үед энэ асуудал улам бүр хүндэрдэг. Агаарын тоосжилтыг бууруулж болох, дэлхийн бусад орнуудад ашигладаг зарим аргуудыг танилцуулж байна.
Цуврал 3: Хотын тоосжилтыг хэрхэн бууруулах вэ?
NAVESH CHITRAKAR

Хот бүр өөр өөрийн өвөрмөц асуудалтай ч тоос, тоосжилт үүсгэдэг гол хүчин зүйлс нь үйлдвэржилт, замын бүтэц, автомашины хөдөлгөөн, цаг уурын нөхцөл, хөрсний эвдрэл, ногоон байгууламжийн хүрэлцээгүй байдал зэрэг юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь утаа боловч дээр дурдсан хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь тодорхой юм.

Тээврийн хэрэгслийн стандартыг дээшлүүлэх

Агаарын тоосжилт, ялангуяа нарийн ширхэг тоосонцрын голлох хэсэг нь автомашины яндангаас үүсдэг. Тээврийн хэрэгслийн моторын ялгаруулах бохирдлын хэмжээг сайтар шалгаж, стандартаас хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хасах нь хамгийн үр дүнтэй шийдэл байж болно. Мэдээж эдгээр тээврийн хэрэгсэлд хэрэглэх шатахууны стандартад ч онцгой анхаарал хандуулах ёстой.

Шороон замын хөдөлгөөнийг бууруулах

Хотод байх шороон замын урт, шороон замаар зорчиж буй машинууд тоо их байх тусам тоос шороо ихээр үүсгэдэг. Иймээс шороон замаар зорчих тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлснээр тоосжилт багасна. Үүний тулд шороон замаар зорчих тээврийн хэрэгслийн жин, төрлийг хязгаарлах эсвэл авто тээврийн хэрэгслийн шороон замаар нэвтрэх эрхийг хязгаарлах замаар энэ хөдөлгөөнийг бууруулж болно. Зайлшгүй машин зорчих шаардлагатай тохиолдолд шороон замын гадаргууг хайргаар хучиж болох юм.

Хурдны хязгаарыг бууруулах

Машин болон бусад шороон замаар явдаг тээврийн хэрэгслүүдийн хурд их байх тусам шороо тоос нэмэгддэг. Судалгаанаас харахад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэх тусам агаарт дэгдэх PM10 нэмэгддэг байна. Зарим хотуудад шороо тоос ихээр дэгдэх боломжтой хотын хэсгүүдэд хурдны хязгаарын 60 км/цагаас 30 км/цаг болгон бууруулснаар тоосны ялгаруулалтыг 65%-аар багасгасан туршлага бий.

Ус зайлуулах суваг

Дэлхийн томоохон хотуудад хийгдсэн судалгаагаар замын ус зайлуулах суваггүй эсвэл муу байх нь тоосжилтыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна. Хэрэв замын ус зайлуулах суваг сайн ажилладаггүй бол зам дээр шалбааг үүсдэг бөгөөд нар гарч, шалбааг хатах үед машины дугуйн хөдөлгөөнөөр их хэмжээний тоос дэгддэг. Иймээс ус зайлуулах сувгийг сайжруулснаар тоосжилт үүсэх магадлалыг бууруулж болно.

Замыг услах

Шороон болон хатуу хучилттай замын гадаргууг усалж, чийглэх нь тоосонцрыг хооронд нь наалдуулж, агаарт дэгдэхээс сэргийлдэг. Ялангуяа шороон замын гадаргууг тогтмол услах замаар шороон замын чийглэгийг нэмэгдүүлэх боломжтой. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нэг удаа услах нь хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн турш тоос босохоос сэргийлж чаддаг.

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Ногоон байгууламж, ялангуяа мод нь их хэмжээний нарийн ширхэг тоосонцрыг өөртөө шингээдэг. Мөн агаарт дэгдсэн тоос шороо нь хотын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү нүүж шилжихээс сэргийлэхийн тулд модон хана, хэрэм босгосон туршлага ч бий. Салхины нөлөөгөөр агаарт шороо дэгдэхээс хамгаалахын тулд шороон талбайд зүлэг тарих ёстой.

Барилгын дүрэм, журмыг мөрдүүлэх

Хотын агаарын тоосжилтын багагүй хэсэг нь барилга барих, барилгын материалын тээвэрлэлт, хадгалалттай холбоотойгоор үүсдэг. Иймээс энэ чиглэлээр дүрэм, журмуудыг хатуу сахиулах ёстой. Жишээ нь, барилгын талбайд барилгын материалыг ил задгай хадгалахыг хориглох гэх мэт.

Эх сурвалж: getawair.com, OECD, alaska.gov, CHEMinfo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn