У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн машин, хог хаягдлыг 2024 он гэхэд бүрэн цэвэрлэх ёстой

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Хүн бүр амьдрахдаа, аялахдаа ч байгаль дэлхийдээ хоноцын бус эзний сэтгэлээр хандахыг уриалав.
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн машин, хог хаягдлыг 2024 он гэхэд бүрэн цэвэрлэх ёстой

Монголчууд бид эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялах, амрах хандлага сүүлийн жилүүдэд огцом өссөн билээ. Онцолбол, Хөвсгөл нуурт аялах дотоод, гадаадын жуулчдын тоо жил ирэх тутам өссөөр байна. Энэ хандлагыг даган нуурын орчимд олон жуулчны бааз ажиллаж, тэр хэмжээний худалдаа үйлчилгээ үзүүлдэг болсноор олны хөл дагасан бохирдол, хог хаягдал газар авч сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрсэн билээ. Нуурт жилд 90 мянган жуулчин аялж, 120 жуулчны бааз ажиллаж, 50 гаруй жижиг, том завь ажилладаг гэсэн тоо гарчээ.

Дэлхийн хамгийн гүн, цэнгэг, үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг хамгаалах чуулганыг Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулган 2 өдөр үргэлжлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ 2 сая жилийн настай, бид "Хөх сувд" хэмээн хүндэтгэдэг Хөвсгөл нуурт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буй аялал жуулчлал, далайн эргийн дагуу олгосон замбараагүй газар олголт, хог хаягдал, хөл хөдөлгөөн зэрэг нь нуурын экосистемийг эвдэж ихээхэн бохирдуулж байгаа тул чуулган зохион байгуулж хамгаалах талаар тал бүрийн анхаарлыг татах ёстойг онцлов.

Эртнээс нуурын мөсөн дээгүүр хүнд ачаа бараатай машин явдаг болсноор өнөөдрийн байдлаар жижиг, том нийлсэн 50 гаруй машин нуурын гүнд хорт хавдар мэт асар их хор хохирол учруулсаар байна. Иймд аюултай хог хаягдлаас Хөвсгөл нуурыг хамгаалж, ирээдүйд учирч болзошгүй байдлыг тооцон шинжлэх ухаанчаар судлан үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага тулгараад байна. Хөвсгөл нуур судлалыг даацтай хөгжүүлж ШУА, мэргэжлийн байгууллагууд ажиллан бодит үр дүн гаргах шаардлагатай байгааг Төрийн тэргүүн дурдав.

Өнгөрсөн жил онцгой албан хаагчид 36 жилийн өмнө нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж нуурыг бас нэг бохирдлоос салгасан билээ. Энэ хуучин онгоцыг одоо дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх дурсгал болгон нуурын эрэгт мөнхийн зогсоолд нь байршуулсан юм. Хөлөг онгоцыг татан гаргасан алба хаагчдад Ерөнхийлөгч чуулганы индрээс онцгойлон баяр хүргэв. Цаашид 2024 он гэхэд нуурт живсэн автомашин татан гаргаж, хог хаягдлаас бүрэн цэвэрлэх ёстой гэж Ерөнхийлөгч хэллээ.

Сүүлийн үед нуур орчимд хүчтэй газар хөдлөлт үе үе мэдрэгдэж, аюултай, ноцтой хохирол учруулж болзошгүй байна. Энэ мэт аюул, хог хаягдлаас нуураа аврахын тулд нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, судлаач эрдэмтэд, эх орноо гэсэн иргэн бүрийн хандлага, ухамсар, хариуцлага, ажил, санаачилга хэрэгтэй байгаа юм. Хүн бүр амьдрахдаа, аялахдаа ч байгаль дэлхийдээ хоноцын бус эзний сэтгэлээр хандахыг Төрийн тэргүүн уриалав.

Ирэх 7 хоногт Хөвсгөл нуурт “Хөх сувд-2022” мөсний баяр болно. Мөсний баярт 10 мянга орчим иргэн, 3,000 гаруй машин ирнэ гэж тооцоолжээ.

Чуулганы өнөөдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Явсаар нийт 1,000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn