Бөөнцагаан нуур түүнийг тойрсон асуудлууд

Нууруудын хөндийн хамгийн том нь Бөөнцагаан нуур.
Бөөнцагаан нуурт цутгаж буй Байдраг гол
Бөөнцагаан нуурт цутгаж буй Байдраг голTuvshin Photography

Монголын говь гэж зах хязгаар нь үл харагдах асар уудам орон зай бөгөөд зэрэглээнд нь хот сүндэрлэж, ус мяралзаж буй мэт харагдах хосгүй үзэсгэлэн юм. Тэнд дэлхийд ховор байгалийн тогтоц, өвөл зун, өдөр шөнийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон асар хүчтэй, тэсвэртэй ан амьтад, ургамал ургах экосистем бүрдсэн байдаг. Энэ цөл нь дэлхийд талбайн хэмжээгээр 5-р байранд, элсэн цөлийн хэмжээгээр 3-т орох тийм л өргөн дэлгэр нутаг юм (www.statista.com). Харин энэ уудам нутгийн нэгэн чимэг бол тухайн орчныхоо хатуу ширүүн уур амьсгалыг тодорхойлдог бас зөөлрүүлдэг ач холбогдолтой нуур юм. Энэхүү нийтлэлдээ Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутгийн дамнан орших Нууруудын хөндийн олон нууруудын хамгийн том нь болох Бөөнцагаан нуурыг онцолж байна.

Бөөнцагаан нуур нь засаг захиргааны хувьд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт байрлах бөгөөд Хангайн нурууны өврөөс эх аван урсах Заг, Өлзийт, Урт, Цагаан, Цохиот, Ар тээл, Нарийн тээл, Мандал зэрэг олон гол, горхийг өөртөө нийлүүлсэн Байдрагийн гол 310 орчим километр хангай, говийг гатлан урссаар их говийнхоо энэ нуурт хүрдэг. Байдрагийн гол нь Бөөнцагаан нуурт цутгах цорын ганц том гол бөгөөд нуурын үндсэн тэжээлийн дийлэнхийг бүрдүүлдэг. Нуурын урд талаар Хар Аргалант, Баянцагаан, Дунд Аргалант, Улаан Аргалант гээд эгц цавчим хад асга бүхий уул нурууд дүнхийнэ. Яг энэ орчмын нутаг бол уулзүйн системийн хувьд Монгол Алтай болон Говь-Алтайн нурууны хил зааг болдог онцлогтой.

Миний хувьд 2017 оноос хойш Бөөнцагаан нуурт судалгааны ажлаар жил алгасахгүй очиж байгаа бөгөөд зарим жил 2-3 удаа очсон байна. Мөн 2018 онд Бөөнцагаан нуурын гадаргын талбайн өөрчлөлтийн судалгааг хийж магистрын зэрэг хамгаалж байсан. Энэхүү нийтлэлээ судалгааны ажлын гол үр дүнд тулгуурлан бичихийг зорилоо.

Нуурын талбайн өөрчлөлтийг АНУ-ын сансрын агентлаг НАСА-аас хөөргөсөн Landsat 4-5 TM, Landsat 8 OLI цуврал хиймэл дагуулуудын зургийг ашигласан. Бөөнцагаан нуурын 1986-2018 оны хооронд зун, намрын улирлын зургууд дээр зайнаас тандан судлалын аргазүйг ашиглан тооцсон.

Нуурын талбайн өөрчлөлтийн хувьд 1986-1993 оны хооронд тогтмол 270 км2 орчим талбайтай байсан бол 1994 оноос талбайн хэмжээ огцом өсөж 282 км2 хүрсэн байна. 1995 онд 289 км2 буюу хамгийн их хэмжээндээ хүрээд түүнээс хойш 2015 оныг хүртэл тасралтгүй буурчээ. Хамгийн бага үедээ 241 км2 хүрсэн ба хамгийн их болон бага талбайтай үеийн зөрүү нь ~50 км2 байна. Харьцуулж үзвэл Монгол Алтайн нурууны томоохон нууруудын нэг болох Хотон нууртай ижил хэмжээний ус ууршилт болон бусад нөлөөллөөр алга болсон байх юм. Нийт судалгааны хугацаан дах талбайн хэмжээ дунджаар 265 км2 байна. Гэвч цаашид энэ хэмжээ улам буурах хандлагатай ажиглагдсаар л... Бөөнцагаан нуур нь Монгол орны бүх нууруудаас талбайн хэмжээгээр 9-д ордог боловч энэ бууралт цаашид үргэлжилсээр байвал 10-т байгаа Үүрэг нууртай байр нь солигдож болзошгүй байна.

Нуурын талбай багасахад хамгийн том нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол ууршилт юм. Ялангуяа говийн бүсэд байдаг нууруудын хувьд бусад нууртай харьцуулахад ууршилт их явагддаг. Өмнөх судлаачдын дүнгээс харахад турбулент диффузийн аргаар ууршилтыг тооцоход 1989 онд Бөөнцагаан нуурт явуулсан хээрийн судалгааны хүрээнд 6-р сард 920-930 мм ус ууршдаг гэж тэмдэглэсэн байна (Батнасан, 1998). Гэтэл хур тунадасны хувьд энэхүү бүс нутагт жилдээ дунджаар 100-150 мм тунадас унадаг. Температур нэмэгдэх тутам ууршилт ихээр явагдах бөгөөд нуурын гадаргад унаж буй хур тунадаснаас даруй 6-9 дахин их хэмжээний ус ууршилтаар алдардаг байна. Мөн энэхүү талбайн өөрчлөлтөд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь нуурын үндсэн тэжээл болох Байдрагийн голын хөндийг дагасан олон тооны уурхайнууд юм. Гэвч одоог хүртэл эдгээр уурхайнуудын ус ашиглалтын тодорхой тоо, баримт алга байна. Энэ хүчин зүйлүүд нь нуурын талбай багасахад шууд болон дам байдлаар нөлөө үзүүлж байна.

Нуурын нийлбэр урсац буюу үндсэн тэжээлийг гадаргын болон гүний гэж 2 ангилах бөгөөд гадаргын тэжээлд хур тунадас болон цутгал голын урсац орно. Судлаачдын дүнгээр Байдрагийн гол нуурын үндсэн тэжээлийн 64%-ийг бүрдүүлдэг гэж үзсэн байна. Зарим жилд Байдрагийн гол ус ихтэй үедээ салаалж урсан Адгийн Цагаан нуурт хүрдэг байжээ.

Бөөнцагаан нуурын зүүн урд талд Бага нуур нэртэй жижиг нуур байдаг байжээ. Монгол орны физик газарзүй, засаг захиргааны гэх мэт сэдэвчилсэн зургууд дээр одоо ч гэсэн тэмдэглэгдсэн байдаг. Гэвч энэ нуур одоо байхгүй болсон бөгөөд магадгүй Бөөнцагаан нуур эрт үедээ одоо байгаа эргээс хальж Бага нуур руугаа усаа өгдөг байсан байх магадлалтай юм. Нутгийнхан энэ Бага нуураа Мянган шувууны үүр ч гэж нэрлэдэг юм билээ. Мянган шувууны үүр гэхээр зэгс болоод бусад ургамлууд шигүү ургасан хэдэн мянган биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болсон газар байсан байх. Одоо бол энэ газарт жижиг тойрмууд үе үе тохиолдох ба дийлэнх нь нуурын ёроолын шал, элсэн хучаас л болж үлдсэн байна. Ойрын үед биш ч Бөөнцагаан нуур нь Бага нууртайгаа ижил нөхцөл байдалд хүрэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Ач холбогдлын хувьд зөвхөн говийн бүс болоод тухайн орон нутагтаа ч биш дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн газар билээ. Нүүдлийн шувуудын амьдрах, дамжин өнгөрөх чухал цэгүүдийн нэг учраас Дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцид Орог, Таацийн цагаан, Адгийн цагаан нууруудтай хамт бүртгэгдсэн байдаг. Говьдоо гайхагдсан энэхүү нуур нь орон нутгийнхны аялал жуулчлалын гол цэг болох ба нуурыг тойрсон малчдын олон мянган малын бэлчээрлэх орон зайг бүрдүүлж байна.

Тийм учраас Монголд төдийгүй дэлхийд хэрэгтэй эдгээр нууруудаа энэ хэвээр нь хадгалан авч үлдэх нь бид бүгдийн гол асуудлуудын нэг болоод байна. Цутгал голын хөндийд үйл ажиллагаа явуулж буй том, жижиг уурхайнуудыг хязгаарлаж, ус ашиглалтыг хянаснаар Байдрагийн голын урсцыг сэргээх боломжтой. Мөн хаврын шар усны үер, зуны хур борооны үерийн усыг хуримтлуулж нуурын усыг тогтворжуулснаар Бөөнцагаан нуураа бид энэ хэвээр нь хадгалж үлдэх боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn