Бохирдол жил бүр 9 сая хүний амь насыг авч одсоор байна

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд жил бүр 9 сая хүний нас баралтын шалтгаан бохирдлоос үүдэлтэй байгааг нэгэн шинэ судалгааны тайланд дурджээ.
Бохирдол жил бүр 9 сая хүний амь насыг авч одсоор байна
Unsplash/Evgeny Nelmin

Lancet Planetary Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд хүн төрөлхтөн нийгмийг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэхийн хэрээр ус, агаарын бохирдол үүсэж, цаашлаад химийн бодис болон ахуйн хүрээний бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдсээр байгааг онцолсон байна. Үйлдвэржилт, хотжилттой холбоотой нас баралт 2015 оноос хойш 7%-аар, 2000 оноос хойш 66%-аар өсжээ.

Энэхүү түгшүүртэй чиг хандлагыг харсаар байж бид үүний эсрэг ямар нэг алхам хийхгүй байгаа нь даанч аймшигтай.

Эрүүл мэнд, бохирдлын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал, судалгааны багийн гишүүн Рэйчл Купка

Unsplash/M Azharul Islam

“Бохирдол манай гарагийн байгаль орчны хамгийн том үхлийн шалтгаан болж байна” гэсэн түгшүүрийн харангыг дэлдээд таван жил болж байна. Гэвч энэ асуудалд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдээс хүссэн үр дүнгээ хүмүүс бид хараахан авч чадсангүй. Ингээд зогсохгүй бохирдолд хамгийн ихээр нэрвэгдсэн орнууд руу урсах санхүүжилтийн хэмжээ буурсаар байна.

Бохирдлоос үүдэлтэй нас баралтын дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд жил бүр 6.5 сая хүн нас барж байна гэж тайланд дурджээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр агаарын бохирдол үүнээс олон тооны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхийн хүн амын 99% нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна.

Түүнчлэн хар тугалганы хордлого болон бусад төрлийн химийн бохирдол дэлхий даяар 1.8 сая орчим хүний эрүүл мэндийг эрсдэлд хүргэж болзошгүй хэмжээнд байна гэж дүгнэсэн аж. Тэгсэн ч энэ нь мөн адил бодит байдлаас доогуур үнэлэгдсэн тоо гэж судлаачид үзэж байгаа юм. Харин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг асбест, пестицид, мөнгөн ус, кадми, хром зэрэг бидний мэдэх бусад химийн элементүүд хүний биеийн дотоод шүүрлийн үйл ажиллагааг тасалдуулдаг бөгөөд эдгээрийг энэхүү шинжилгээний ажилдаа оруулаагүйгээ судлаач Купка дурдав.

Судлаачид арилжааны зориулалтаар үйлдвэрлэсэн олон химийн бодисыг "аюулгүй байдал, хоруу чанарын хувьд хангалттай туршаагүй" байгаа учраас эдгээрийг өвчин, үхэлд хүргэж байна гэж шууд дүгнэх боломжгүй байна гэжээ.

Одоогоор дэлхийн зах зээл буюу хүмүүсийн хэрэгцээнд 350,000 өөр төрлийн хиймэл химийн бодис байгаа бөгөөд ирэх 10 жилд химийн бодисын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.

Бохирдол дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүн бүрд нөлөөлж болох ч бохирдлоос үүдэлтэй нас баралтын 92% нь бага, дунд орлоготой орнуудад тохиолддог гэж тайланд дурджээ.

Бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл асар их. Тэр дундаа бага дунд орлоготой орнууд энэ ачааны хүндийг үүрч байна. Эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлсээр байхад олон улсын хөгжлийн хөтөлбөрүүд энэ асуудлыг үл тоомсорлодог.

Лансет Комиссын бохирдол, эрүүл мэндийн хорооны дарга, судалгааны багийн ахлагч Ричард Фуллер

Unsplash/Arjun MJ

Засгийн газар, засгийн газар хоорондын байгууллагууд, хувь хүмүүс бидний хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс шалтгаалах хор хөнөөлийг хүлээн зөвшөөрдөг ч энэ асуудлыг шийдвэрлэхэд хангалттай ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед үндэсний хөгжлийн хөтөлбөрүүд уур амьсгалын өөрчлөлт болон Ковид-19 цар тахалд анхаарлаа хандуулаад байгаа билээ. Гэсэн ч бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрүүл мэнд нь хоорондоо салшгүй холбоотой асуудлууд бөгөөд бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүн төрөлхтний сайн сайхан байдалд тустай.

Бостон коллежийн Дэлхий нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр, дэлхийн бохирдлын ажиглалтын төвийн захирал Филип Ландриган "Бохирдол хүн төрөлхтөн болоод гараг ертөнцийн эрүүл мэндэд заналхийлэгч хамгийн том хүчин зүйл болоод зогсохгүй орчин үеийн нийгмийн тогтвортой байдалд аюул учруулж байна. Бохирдлоос сэргийлэх нь өөрөө уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах хүчин зүйл болох ба эх дэлхийн эрүүл мэндэд ч давхар ашиг тустай. Тиймээс бид судалгааны тайландаа бүхий л төрлийн чулуужсан түлшнээс татгалзаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүч рүү асар хурдан шилжихийг уриалсан" гэлээ.

Гарагуудын хил хязгаарын онолд хүний амьдралд ээлтэй, байгаль орчны тэнцвэртэй байдлыг зохицуулах, тогтворжуулах, хадгалах үүрэгтэй 9 хязгаарлалт байдаг боловч тус бүр нь байгаль орчны эрс тэс өөрчлөлт, ачааллыг тэсвэрлэх чадвар харилцан адилгүй гэж үздэг. Эдгээр есөн хил хязгаарлалтад:

Бохирдол дээрх хязгаарлалт бүрд нөлөөлөх боловч уур амьсгалын өөрчлөлт, агаар мандлын аэрозолийн бохирдол, бидний хүрээлэн буй орчинд шинэ төрлийн бодисууд ялгарах зэрэгт хамгийн хүчтэй нөлөөлөл үүсгэх боломжтой юм.

Судлаачид засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран бохирдлын эсрэг хэд хэдэн зөвлөмжийг дэвшүүлж, мөн бохирдолтой тэмцэхийн тулд илүү сайн төлөвлөлт, хяналт, санхүүжилтийн схемийг боловсруулахыг уриалж байна.
Ингэхдээ бохирдлоос сэргийлэх хамгийн үр дүнтэй алхам нь "асуудлыг шийдвэрлэх улс төрийн хүсэл зориг" гэж үзэж байгаа ба ийм төрлийн арга хэмжээ авснаар нийгмийн эрүүл мэндийг бодитойгоор хамгаалж, байгаль орчин, эдийн засгийн хөгжил, боловсролын түвшин зэрэг бусад үзүүлэлтүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж чадна гэдгийг нэмж тэмдэглэсэн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn