Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3,000 тонн хог хаядаг

2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ.
Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3,000 тонн хог хаядаг

Энэ сарын 13-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил болоод байгалийн унаган төрх сүйдэж буйг нийслэлийн удирдлагууд хөндөж, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсныг дурдсан.

Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татжээ. Мөн иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй байна. Налайх дүүрэг 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлдэг.

Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3,000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг бөгөөд энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Ганцхан жишээ дурдахад, 2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэхэд 74 төрийн албан хаагч ажиллан, 88 рейсээр тээвэрлэсэн байдаг. Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахааргүй нүхэн жорлонг олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэх шалтгаан болж буй. Мөн тус бүсэд нам даралтын болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ мэтчилэн Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn