Аялагчдын хөлд үрэгдэж буй унаган байгаль

Цагаан суварга, Хонгорын элс гээд хүний хөлд элэгдэж, унаган төрхөө үүрд алддаг газрууд хэрвээ гаднын улсад байсан бол бид алсаас зургаа авахуулчихаад буцах байсан нь лавтай. Харин одоо бид эх орныхоо байгалийн давтагдашгүй гайхамшгуудыг үзэх нэр дор нурааж байна.
Аялагчдын хөлд үрэгдэж буй унаган байгаль

Улаан цутгалан руу урсаж байгаа аялагчдын цуваан дунд орсон юм. Амарч яваа хүмүүсийг ад үзэх нь хаашаа юм, гэхдээ тэр олон машины хөлд сэндийлэгдэж байгаа газрын хөрсийг хараад өөрийн эрхгүй харамсав. Голын захаар эгнээд зогссон машинуудаас гадна замаас холгүй уулын мод руу шургаад орсон машинууд хаа сайгүй. Ерөөсөө явж болж л байвал дуртай газартаа, дураараа зам үүсгэн давхилдах боломж зөвхөн Монголд л байдаг. Унаган байгальтай улсын жаргал бас зовлон юм даа. Замдаа таалагдсан байгальдаа майхнаа босгоод амрах нь жаргал хэдий ч, чөлөөгүй цувсан машины хөлд булингартсан гол, тоосон дунд бүртийх айл, мал хунарыг харах гунигтай.

Энэ жил Үндэсний их баяр наадмын амралтаар 250 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн бол 604 чиглэлд, 1,424 тээврийн хэрэгслээр 40,594 зорчигч тээвэрлэсэн тухай Автотээврийн үндэсний төв цахим хуудастаа мэдээлжээ. Энэ статистик өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн нь мэдээж цар тахлын хорионы дараах зун, тэгш ойн урт амралттай холбоотой.

Дотоодын төдийгүй гадаадын жуулчид зорин ирж үздэг байгалийн олон давтагдашгүй үзэмжийг бид ямар ч хаалт хашилт, дэс дараагүй тоос татуулан давхиж тулж очоод л дунд нь яваад орчихдог. Жишээ нь, Улаан цутгаланг үзэхэд тухайн сум орон нутаг руу ороход нэг, Хүрхрээний бүс рүү нэвтрэхэд бас нэг багахан хэмжээний төлбөр төлөөд л болоо. Хэдийгээр машинаа Улаан цутгалангаас тодорхой зайд зогсоолд тавьж алхаж очдог ч явган зорчигч явах зассан зам гэж байхгүй. Машинаас буусан олон түмэн хүн зүлгэн дээр тааваараа алхана.

Энэ жилийн наадмын амралтын өдрүүдээр л гэхэд 10 мянгаад аялагч Улаан цутгаланг үзэхээр ирснийг бүсийн байгаль хамгаалагч хэлж байна билээ. Ийм байдалтай аялагчдын тоо нэмэгдэхээс авсан арга хэмжээ, хөгжлийн шийдэлгүй олон арван жил талд тааваараа “бэлчсээр” одоо газрын хөрс гэж байхгүй, хөлөөр нэг хөглөрсөн улаан шороо л байна билээ. Улаан цутгалан. Хүрхрээ ч гэлтгүй монголын аялал жуулчлалын бүхий л гол газруудад ийм хувь тавилан нүүрлээд уджээ.

Манайх шиг аялал жуулчлалын гол цэг рүүгээ хэт ойртуулдаг улс байдаг болов уу? Аялал жуулчлалаа өндөр хөгжүүлсэн орнууд тухайн бүсээ цогцоор нь хөгжүүлсэн байдаг. Тэд сэтгэл ханамжийн хувьд өгөх зүйлээ өгч чадахын хэрээр тухайн бүс доторх бүх зүйлээ үнэлж, авах зүйлээ ч авч чаддаг юм. Өөрөөр хэлбэл хэр ихийг төлнө, төдий чинээ ихийг үзнэ. Хэтэвчний хэмжээгээрээ тухайн үзмэрт ойртоно гэсэн үг. Манай урд хөршид л гэхэд аялагчдыг татдаг байгаль нь манайх шиг унаган төрх бараг үгүй ч гэлээ өнгө үзэмжээр “зодсон” байхын дээр гол үзмэртээ очих замдаа ядрахаар их үйлчилгээтэй. Эцэст нь гол үзмэрээ зөвхөн тодорхой хэмжээний зайнаас үзүүлэх байдлаар тохижуулсан байдаг.

Цагаан суварга, Хонгорын элс гээд хүний хөлд элэгдэн нурж, унаган төрхөө үүрд алддаг газрууд хэрвээ гаднын улсад байсан бол бид алсаас зургаа авахуулчихаад буцах байсан нь лавтай. Харин одоо бид байгалийн давтагдашгүй гайхамшгуудаа үзэх нэртэйгээр нурааж байна. Гаднын оронд олон хаалга, зөвшөөрөл, тасалбарын цаанаас олж үзэх юмыг бид үүд хаалга давалгүй, үнэ төлбөргүй давхиж очоод, дээр нь дэвхцдэг. Үүгээрээ бид азтай, жаргалтай ард түмэн ч юм шиг.

“Үр минь үлдэх хорвоо” гэдгийг санаж, элэгддэг байгалиа бодох цаг болжээ. Олон зунаар, болж өгвөл нэг насаараа, бүр ухаантай үзвэл хойч үетэйгээ хамт эдлэхийн тулд “Монголын сайхан орон” гэж омгорхдог эх байгальдаа эзний сэтгэлтэй хандах юм сан. Хоноод явдаг хоноцын сэтгэлээр аялахгүй юм сан. Эцэст нь, энэ бүхнийг горимд нь, голдиролд нь оруулах бодлого баригчид аялал жуулчлалдаа арай шинжлэх ухаанчаар хандмаар байна. Биднийг угтан авсан унаган байгалийн алдаа аятай аягласаар дуусгамааргүй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn